Наймдугаар сарын сүүлээр Дельта хувилбар нийт тохиолдлын 90 хувийг эзэлж болзошгүйг анхаарууллаа

Наймдугаар сарын сүүлээр Дельта хувилбар нийт тохиолдлын 90 хувийг эзэлж болзошгүйг анхаарууллаа

Европ тивд өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тоо хоёр сарын турш буурсан үзүүлэлттэй байсан ч сүүлийн долоо хоногт 10 хувиар өссөн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. ДЭМБ-ын Бүсийн захирал Ханс Клуге үүнд вакцины удаашралтай байдал, вирусийн мутаци нөлөөлсөн гэж үзэж буйгаа мэдэгдэв.

Түүнчлэн “Евро 2020” халдварын “супер тараагч” болж болзошгүй аюултай байгааг анхааруулжээ. Учир нь Лондон, Санкт-Петербургээс буцаж ирсэн олон зуун хөгжөөн дэмжигчдийн шинжилгээ эерэг гарч байгаа юм. 

Тиймээс тоглолт үзэхээр цугларсан хөгжөөн дэмжигчдийн хөдөлгөөнийг хянах нь хамгийн чухал гэдгийг ДЭМБ-ын онцгой байдлын ахлах офицер Кэтрин Смоллвуд анхаарууллаа. Тэрбээр “Бидний анхаарах ёстой зүйл цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд байна. Хөгжөөн дэмжигчид тоглолтын өмнө аялж, тоглолтын дараа хөл хөдөлгөөн ихтэй баар, паабуудаар орж буй нь вирусийг дамжуулах хамгийн том эрсдэл болж хувирлаа” гэв.  Финландын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 6-р сарын 21-нд Санкт-Петербургээс буцаж ирсэн хөгжөөн дэмжигчидтэй холбоотой 400 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, ОХУ руу аялахаас зайлсхийхийг олон нийтэд уриалав.

Мөн Шотландын Нийгмийн эрүүл мэндийн төв Лхагва гарагт зургадугаар сарын 18-нд Евро 2020 үзэхээр Лондон руу явсан 1294 хүнээс халдвар илэрсэн талаар мэдээлэв.

Европын хөлбөмбөгийн удирдах байгууллага болох Uefa-г Германы Дотоод хэргийн сайд Хорст Зеехофер "хариуцлагагүй" хэмээн “цоллож”, 60 мянган дэмжигчийг Будапешт болон Лондонгийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд тоглолтод оролцуулах болсон шийдвэрт бухимдаж, шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.

Тоглолт үзэхээр явсан хүмүүсээс коронавирусийн Дельта хувилбар илэрч буй нь улс орнуудыг хамгийн ихээр түгшээж байна. Энэтхэгээс гаралтай коронавирусийн Дельта хувилбарыг дэлхийн улс орнууд хамгийн том аюул гэж үзэж буй. Европын холбооны өвчний хяналтын агентлаг /ECDC/-ийн тооцоолсноор наймдугаар сарын сүүлчээр уг хувилбар нийт тохиолдлын 90 хувийг эзэлж болзошгүй байна.

ОХУ-д сүүлийн гурван өдрийн байдлаар 672 хүн нас барсан нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй “дээд” үзүүлэлт байв. Мөн пүрэв гарагт/2021.07.01/ гэхэд л халдварын 23,543 шинэ тохиолдол бүртгэгджээ. Москва хотод батлагдсан шинэ тохиолдлуудын ихэнх нь Дельта хувилбар бөгөөд одоо эрүүл мэндийн дээд албан тушаалтнууд “Дельта Плюс” хувилбарт санаа зовж байна. Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт иргэдээ вакцинд хамрагдахыг уриалсан боловч  тус улсын нийт иргэдийн дөнгөж 16 хувь нь эхний тунгаа “авчээ”.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө