Л.Энхсайхан: Дельта вирусээр өвчилбөл хүндрэх магадлал 67 хувиар их байна

Л.Энхсайхан: Дельта вирусээр өвчилбөл хүндрэх магадлал 67 хувиар их байна

Өнөөдрийн /2021-07-10/ коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр зарим мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа, "Манай улсад коронавируст халдварын хоёр том давлагаа бий болсон. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн ба оргил үе дөрөвдүгээр сарын 20-ноос хойш ажиглагдаж хөл хорионы дараа өвчлөл буурсан ч хоёр дахь давлагаа зургадугаар сарын 10-наас эхлээд 20-нд хамгийн оргил үедээ хүрсэн. Энэхүү давлагаа цаашид хэрхэн үргэлжлэхийг бид ажиглаж байна. Дотоодын нийт халдвар нь Улаанбаатарт 60 хувь, орон нутагт 40 хувь нь бүртгэгдээд байна.

Нас баралтын түвшин 5-р сард хамгийн оргил үедээ байсан бол хоёр дахь давлагааны үед нас баралтын түвшин харьцангуй буурсан.

Вакцин үнэхээр хамгаалж чадаж байна уу гэх асуулт их байна. Өмнөх давлагаанд вакцины үр нөлөөг харах боломжгүй байсан бол энэ удаад бүрэн тунгаа хийлгэсэн хүн 70 гаруй хувьтай байгаа нь үр дүнг харах боломжтой цаг үед ирлээ.

"42 иргэн гэртээ нас барсан. Мөн жирэмсэн болон хөхүүл найман эмэгтэй нас бараад байна. Нас барсан хүмүүсийн 90 орчим хувь нь вакцин хийлгээгүй, 75.6 хувь нь архаг болон суурь өвчтэй хүмүүс байсан"

Вакцин нь таныг халдвар авах эрсдэлээс тодорхой хэмжээнд буюу 70-95 хувиар хамгаална. Гэхдээ зөвхөн зэрлэг омгийн вирус буюу анхны төрлийн вирусаас хамгаална. Халдвар авсан ч хүндрэх, нас барах эрсдэлээс хамгаална гэсэн үг. Сүүлийн дөрвөн долоо хоногт маш хүнд өвчилж байгаа хүний тоо буурсан буюу 2,8 хувь байсан бол 1,8 хувь болсон. Харин хөнгөн өвчилж байгаа иргэдийн тоо 50-аас 64 хувь болж нэмэгдсэн. Үүнээс үзэхэд вакцины нөлөө гарч байна" гэв.

Харин ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, "Делта вирусаар өвчилбөл хүндрэх магадлал 67 хувиар их байна.  Зөвхөн ковид өвчнөөс бус эдгээр өдрүүдэд нарших, хоолны хордлогод орохоос сэргийлж, хол замд автомашины хурдаа тохируулж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулаарай" гэв.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, " Одоогоор 14 мянган хүн эмнэлэгт байгаагаас 1,8 хувь нь маш хүнд, 24 мянган хүн гэрээр эмчлүүлж байна. Халдвар авсан жирэмсэн хүн, хүүхдийг яаралтай эмнэлэгт хэвтүүлэхийг зөвлөж байна. Мөн өнөөдрийн байдлаар 2500 гаруй эмч, мэргэжилтнүүд халдвар аваад байна. Улаан бүсэд ажиллах хүний нөөцийн дутагдалд орсон. Тиймээс эрүүл мэндийн байгууллагад туслах иргэдийн үүрэг нь дэглэмээ сайтар баримталж, хариуцлагатай байж, халдвар авахгүй байх явдал юм" гэлээ.

Үзэх: