“Аэро Монголиа”-ын онгоцоор Туркээс ирэх байсан 134 иргэнийг МИАТ компани авч иржээ

“Аэро Монголиа”-ын онгоцоор Туркээс ирэх байсан 134 иргэнийг МИАТ компани авч иржээ

Өнгөрөгч Даваа гараг /2021.07.19/-т Улаанбаатараас Туркийн Анталья хот руу хөөрсөн “Аэро Монголиа” ХХК-ийн 139 зорчигчтой онгоц ОХУ-ын Челябинск нисэх буудалд шатахуун сумлах үеэр нь “зорчигч буулгах зориулалттай шаттай автомашин” тус онгоцны хаалгыг мөргөсөн тул нислэгээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.

Иймд МИАТ компанийн онгоц ОХУ руу өчигдөр /2021.07.20/ хөөрч тус улсад саатаад байсан 139 иргэнийг Туркийн Анталья хотод хүргээд, өнөөдөр /2021.07.21/ 134 иргэнийг тээвэрлэж Улаанбаатарт буцаж ирсэн байна.

Энэ талаар УОК-оос “Анталия-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 рeйсийн агаарын хөлөг өнөөдөр 14.36 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, 134 иргэн эх орондоо ирлээ. Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 104, өвдөөд эдгэсэн 16, дагаж явсан 14 хүүхдийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн байна. Түүнчлэн гэрийн ажиглалтад шилжсэн 130 зорчигчийг PCR шинжилгээнд хамруулаад байна” гэж мэдэгдлээ.