ЗӨВЛӨГӨӨ: Хөвөн идэж жингээ барих нь эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулж буй хэлбэр

ЗӨВЛӨГӨӨ: Хөвөн идэж жингээ барих нь эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулж буй хэлбэр

Загвар өмсөгч С.Төгс нэгэн нэвтрүүлгийн үеэр “Таргалахгүй байхын тулд нүүрний хөвөн иддэг” гэж хэлсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж, “хөвөн идэж жингээ хэрхэн барих” талаар охид бүсгүйчүүд нэлээдгүй сонирхож байна.

“Сotton ball diet”  буюу хөвөн идэж жингээ барих нь нэг ёсны дэглэм гэж ойлгож болно. Барууны орнуудад түгээмэл дэлгэрсэн уг дэглэмийг жингээ барьж буй эмэгтэйчүүд ихэвчлэн туршдаг. Ингэхдээ хөвөнг хоол идэхээс өмнө, эсвэл хоолыг орлуулах байдлаар иддэг. Зарим эмэгтэй төрөл бүрийн жүүс, “смүүти”-тэй хольж иддэг бөгөөд ингэснээр ямар ч илчлэг авахгүйгээр ходоод дүүрч цадсан мэт мэдрэмж төрүүлдэг. Гэвч энэ нь маш аюултай төрлийн дэглэм гэдгийг эрдэмтэн, мэргэжилтнүүд сануулсаар иржээ.

Шаардлагатай амин дэмийг авч чадахгүй. "Хөвөнгийн дэглэм"-ийг туршсанаар хүний бие махбод шаардлагатай шим тэжээл, амин дэмийг авч чадахгүй, цаашлаад өөрийн эрүүл мэндийг аюулд оруулж, үхэлд ч хүргэж болзошгүй. Тодруулбал, байнга уг дэглэмийг туршсанаар “пика” хэмээх эмгэг тусах өндөр магадлалтай болдог аж. “Пика” гэдэг нь хоол хүнсний бус бүтээгдэхүүнийг ямар ч шалтгаангүйгээр хэрэглэхийг хэлдэг. Уг эмгэг нь шизофрени, оюуны хомсдол гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгтэй холбоотой аж.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд түгжрэл үүсгэх эрсдэлтэй. Хамгийн ноцтой нь нарийн гэдсэнд хөвөн бөмбөлөг үүсэж, түгжрэл үүсгэх аюултай. Хүний хоол боловсруулах эрхтэн тогтолцоо амны хөндийгөөс улаан хоолой, гэдэс, нарийн, бүдүүн гэдэс гэж үргэлжилдэг. Харин хөвөн идсэнээр ариун цэврийн цаас, салфетка ус дамжуулах хоолойгоор орж гацдагтай адил хүний ходоод гэдсэнд түгжрэл үүсэх эрсдэлтэй аж.

Хөвөнгийн найрлагад химийн бодис орсон байдаг. Хөвөнг 100 хувь байгалийн гаралтай эдээр хийдэггүй, цагаан өнгөтэй болгохын тулд химийн бодис ашигладаг. Энэ нь цаг хугацааны явцад хуримтлагдсаар хортой болох магадлалтай.

Хүний биед хөвөнгийн гол найрлага болох “cellulose”-ийг боловсруулах фермент байдаггүй. Хөвөнгийн дэглэмийг туршиж болохгүй бас нэг шалтгаан нь хүний биед хөвөнгийн гол найрлага болох “cellulose”-ийг боловсруулах фермент байдаггүй. Хүний бие хөвөнг шингээж чадахгүй учраас ходоод, гэдсэнд үлдэх магадлалтай бөгөөд хоол боловсруулах замын ажиллагаанд саад учруулж болзошгүй юм.

Энэ мэт шалтгаануудын улмаас ихэнх нь хоол зүйч, нарийн мэргэжлийн эмч нар хөвөнгийн дэглэмийг зөвлөдөггүй аж.  Харин оронд нь эрүүл хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг зуршил болгосноор жингээ хасах, мөн хадгалах бүрэн боломжтой.

Эх сурвалж: Verywellmind, Healthline




ТЕНДЕРИЙН УРИЛГА

2 цагийн өмнө