О.Батбаяр: Найр хуримыг бүрэн хориглосон. Үйлчилгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх шаардлагатай байна

О.Батбаяр: Найр хуримыг бүрэн хориглосон. Үйлчилгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх шаардлагатай байна

Өнөөдөр /2021.09.03/ ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын долоо хоногийн тоймыг танилцууллаа. Тус хуралд УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, Бидний зүгээс дельта хувилбарын давлагааг иргэдийн дунд хөл хорио тогтоохгүйгээр давах төлөвлөгөөтэй байгаа. Иймд иргэд дор бүрнээ хариуцлагатай байх маш чухал байна. Нийт батлагдсан тохиолдлын дийлэнх нь гэр бүлээсээ халдварлаж байгаа бол дараа нь ажлын газар, найз нөхдөөс авч байгаа юм. Мөн намар найр наадмын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд нэгнийдээ зочлох, зочид хүлээн авах тохиолдол нэмэгдсэн. Цаашид энэ асуудалд анхаарал хандуулж хурим, найр наадам зохион байгуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй.

Саяхан гэхэд Баянхонгор аймагт хуримд очсон 39 хүнээс халдвар илэрсэн. Найр хурим хийх нь эргээд маш том эрсдэлийг бий болгож буй учраас орон нутгуудад найр хуримыг бүрэн хориглохыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгож байгаа гэсэн юм.

Мөн үйлчилгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх шаардлагатай байна. Нэн ялангуяа амны хаалтаа аваад дотоод орчинд үйлчлүүлдэг байгууллагууд. Энэ нь маш эрсдэлтэй бөгөөд амны хаалтаа хэзээ ч авч болохгүй. Тиймээс дэлгүүрийн үйлчилгээг хязгаарла гэсэн зөвлөмжийг өгөхгүй байгаа. Харин амны хаалтаа аваад үйлчлүүлж байгаа газруудыг 22.00 цагаас хойш хаах хэрэгтэй. Иргэн хүн өөрийгөө боддог бол амны хаалтаа аваад үйлчлүүлдэг газраар үйлчлүүлэхгүй байх ёстой гэв.