Дорнод аймагт коронавирусийн халдвартай иргэн "Эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй" нас баржээ

Дорнод аймагт коронавирусийн халдвартай иргэн "Эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй" нас баржээ

Ойрын өдрүүдэд цахим сүлжээнд “Коронавирусээр болж гэртээ нас барлаа” гэх мэдээлэл олныг хамрах болсон.  Тэгвэл энэ есдүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймагт коронавирусын халдвар авсан нэгэн иргэн нас баржээ.

Тодруулбал, тус аймагт одоогоор коронавирусийн халдвараар хоёр иргэн нас барсан байгаа бол нэг нь эмнэлгийн анхан ч шатны тусламж авч чадалгүй нас барсан байна.

Энэ талаар Дорнод аймгийн  бүсийн Эмчилгээ оношилгооны төвийн эмч Д.Должин хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, “Коронавирусээр халдварлаад нас барсан нэг иргэн нь энэ есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө түргэн дуудаж биеэ үзүүлсэн. Үзлэг хийхэд тухайн иргэний хавдар эцсийн шатандаа хүндэрсэн байсан. Харин коронавирусийн шалтгаанаар хүндэрсэн гэсэн эмнэл зүйн шинж тэмдэг байгаагүй. Тухайн иргэн хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж байсан. Хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх явцдаа шинжилгээний цэг рүү явж байгаад ухаан алдаж золгүй явдал тохиолдсон.

Манай аймагт одоогоор 2 иргэн л коронавирусийн халдвараар болж нас барсан байгаа. Нэг хүн нь аймгийн төвөөс 100 гаруй км-ийн цаана амьдарч байсан. Эмнэлгийн тусламж авалгүй өөртөө эмчилгээ хийж байгаад эмнэлэгт ирээд асах богино хугацаанд амьсгалын дутагдлаар нас барсан” гэсэн байна.

Иймд аймгийн төв болоод сумын төвөөс хол байрладаг коронавирусийн халдвар авсан иргэд эмнэлгийн үйлчилгээг хангалттай авч чадаж байна уу гэдэг асуудал яригдаж байгаа юм.