Улаанбаатар-Алматы чиглэлийн өнөөдрийн нислэг зөвшөөрлийн улмаас цуцлагджээ

Улаанбаатар-Алматы чиглэлийн өнөөдрийн нислэг зөвшөөрлийн улмаас цуцлагджээ

“Хүннү Эйр” ХХК-ийн Улаанбаатар-Алматы-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг цуцлагджээ. Энэ талаар тус компани өөрсдийн албан ёсны пейж хуудастаа дараах мэдэгдлийг хийсэн байна.

Мэдэгдэлд “Хүннү Эйр” ХХК 9 дүгээр сард УОК-оос өгсөн нислэгийн зөвшөөрлийн дагуу Гадаад хэргийн яаманд БНКазУ-аас нислэгийн зөвшөөрөл авч өгөх хүсэлтээ илгээж Казахстан улсад суугаа МУ-ын Элчин сайдын яам, 2021.08.18-ны өдөр БНКазУ-ын ГХЯ-нд “Хүннү Эйр” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “Улаанбаатар - Алматы – Улаанбаатар”, 9 дүгээр сарын 13-ны өдөр “Улаанбаатар-Нур-Султан-Улаанбаатар”, 9 дүгээр сарын 23-ны өдөр “Улаанбаатар-Алматы-Улаанбаатар” чиглэлд тус тус тусгай үүргийн нислэг үйлдүүлэх зөвшөөрлийг хүссэн ноотыг хүргүүлсэн болно.

Гэвч Казахстаны тал өнөөдрийг хүртэл нислэгийн зөвшөөрлийн талаар албан ёсны хариу өгөөгүй байгаа бөгөөд ингэхдээ, тус улсын онцгой комиссын хурлын горим өөрчлөгдсөн, аливаа асуудлыг хэлэлцүүлэхдээ бусад төрийн байгууллагаас холбогдох саналыг авсны дараа онцгой комиссын хуралдаанд оруулж хэлэлцдэг болсон тул хугацаа их шаардагдаж байгаа хэмээх тайлбарыг утсаар мэдэгдсэн болно.

“Хүннү Эйр” ХХК-ийн хувьд өөрсдийн зүгээс шалтгаалах бүх бэлтгэлийг хангасан бөгөөд өмнөх нислэгүүдийн зөвшөөрөл тухайн өдрийн нислэгийн хуваарьт цагаас хоцорч ирдэг байсан тул зорчигч нарт хүндрэл учруулахгүйн тулд бүртгэлийг урьдчилсан байдлаар хийж, нислэг гарахад бэлэн байдалд байх арга хэмжээ авдаг байсантай адил өнөөдрийн нислэгийн бэлэн байдлыг хангасан боловч нислэгийн зөвшөөрөл одоо хүртэл ирээгүй байна.

Иймд өнөөдрийн Улаанбаатар-Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдаж байгааг мэдэгдэж байна.

Нислэгийн зөвшөөрөл авах талаар Гадаад хэргийн яам болон холбогдож төрийн байгууллагуудтай хамтран ажилласаар байгаа тул бид нислэгийн талаар мэдээлэл ирэх даруйд та бүхэнд мэдэгдэж яаралтай арга хэмжээ авах болно" гэжээ.