ТОДРУУЛГА: Дугаарлаж зогсож байгаад амиа алдсан ковидын халдвартай иргэн “УУШГИНЫ ХАВДАРТАЙ” байсан гэв

ТОДРУУЛГА: Дугаарлаж зогсож байгаад амиа алдсан ковидын халдвартай иргэн “УУШГИНЫ ХАВДАРТАЙ” байсан гэв

Энэ сарын 07 /2021.09.07/-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд Коронавирусийн шинжилгээний цэгт дугаарлаж байсан нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, тухайн амиа алдсан иргэн тус аймгийн Цагаан-Уул сумын харьяат 56 настай эрэгтэй байсан ба өнгөрсөн долдугаар сард уушгины хорт хавдрын 4 дүгээр шатанд оношлогдож, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад наймдугаар сард нутагтаа очоод байжээ.

Харин хэд хоногийн өмнөөс Дорнод аймгийн бүсийн эмчилгээ оношилгооны төвийн хавдрын эмчийн хяналтад орохоор аймгийн төв дээр ирж, байр түрээслэн амьдарч гэрээр эмчилгээ хийлгэж байсан аж.

Ингээд есдүгээр сарын 07-ны өдөр өрхийн эмнэлэгтээ үзүүлэн хавдрын тасаг руу явах замдаа талийгаач дүүтэйгээ ковидын шинжилгээний цэгт очиж шинжилгээ өгөхөд “Коронавирусийн халдвартай” хэмээн гарсан байна. Ингээд эмээ авахаар дугаарлан зогсож байхдаа цус алдаж газар дээрээ нас барсан гэж холбогдох албанаас бидэнд мэдээллээ.

-ДОРНОД АЙМАГТ ӨӨР НЭГ ИРГЭН ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ АВЧ ЧАДАЛГҮЙ КОРОНАВИРУСИЙН УЛМААС НАС БАРСАН-

Дорнод аймагт одоогийн байдлаар гурван иргэн коронавирусийн халдвараар нас бараад байгаа аж. Эдгээрээс нэг иргэн Дорнод аймгийн төвөөсөө 100 гаруй км-ийн зайтай амьдарч, өөртөө эмчилгээ хийж байгаад халдвар нь хүндэрч, эмнэлэгт дөнгөж хүргэгдэж ирээд амьсгалын дутагдлаар нас барсан тохиолдол гарсан байна.

Дашрамд дурдахад, Долдугаар  сард нийслэлийн Баянзүрх дүүргийн “Энэрэл”эмнэлгийн гадна коронавирусийн халдвартай иргэн Р эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ үеэр ЭМГ-аас тус иргэнийг “Өөрийн харьяа өрхийн болоод дүүргийн эмнэлэг ойрхон байхад очиход яасан юм бэ” гэх утгатай тайлбар тавьж ч байсан удаатай.

Тэгвэл Дорнод аймагт дээрх харамсалтай байдлаар амь насаа алдсан иргэд мөн л эмнэлгээс хол зайтай байсан тул эмчилгээ авч чадахгүй байсаар нас барсан байгаа юм.Мөн хавдрын хүнд түвшинд очсон иргэнийг гэрээр эмчлүүлж, коронавирусийн шинжилгээ болоод эм авахуулах гэж нааш цааш явуулсан нь яг ямар учиртай талаар тодруулах гэсэн боловч тус бүсийн эмчилгээ оношилгооны төвийн эмч “Ар гэрийн зүгээс ямар нэг санал гомдолгүй” гэсэн гэх тайлбарыг бидэнд өгсөн юм.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө