Эмчилгээнээс хассан гэх "Арбидол" эмийг ЭМЯ их хэмжээгээр нөөцөлсөн үү

Эмчилгээнээс хассан гэх "Арбидол" эмийг ЭМЯ их хэмжээгээр нөөцөлсөн үү

Өчигдөр /2021.09.03/ болсон “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” хэлэлцүүлгийн үеэр  Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Арбидол" эмийг өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан талаар мэдээлсэн.

Тодруулбал, Арбидолыг Ковид-19 өвчний өвөрмөц эмчилгээнд хэрэглэх гэдэг байсныг өөрчилж томуу томуу төст өвчин, sars2, ковид-19 зэрэг өвчинд эмчийн заавраар хэрэглэх заалттай болгосон гэж буй юм.  Товчхондоо хэрэглэхээ боль гэсэн үг биш бөгөөд илүү өргөн хүрээнд хэрэглэж болох ангилалд шилжүүлж оруулсан гэсэн үг юм. Харин антибиотек эмчилгээ хийлгэж байгаа эсэхээс хамаарч гэрийн эмчилгээнээс арбидолыг хасахаар болсон байгаа юм. 

Харин зарим эх сурвалжууд, “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/“Арбидол” эмийг эмчилгээний стандартаас хассан байна” гэж мэдээлж буй юм.

Тухайлбал, “Эмийн холбоо” ТТБ-аас, “Арбидол эмийг ковид-19-ийн эмчилгээнээс өнгөрсөн долоо хоногт хассан. Тэгэхээр энэ эм хог болно. Уг нь энэ эмийн нөөцийг бүрдүүлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл арбидолыг эмчилгээнээс хассан шийдвэрийг ЭМЯ, Хүний эмийн зөвлөл гэх мэт эрүүл мэндийн байгууллагууд мэдээгүй л байна. Одоогоор 3,9 тэрбум төгрөгийн арбидолыг татан аваад байна. Мөн их хэмжээний татан авалт хийхээр гэрээ хийсэн” гэж мэдэгдсэн.

Тэгвэл ЭМЯ-наас “Арбидол” эмийн ихээхэн хэмжээний нөөц бүрдүүлсэн байж болзошгүй байна. Учир нь тус яамнаас өнгөрөгч дөрөвдүгээр сард 300 гаруй сая төгрөгийн 313 мянган ширхэг “Арбидол” эмийг худалдан авсан байна. Мөн нийт 726 сая гаруй төгрөгийг “Арбидол” эмийн нөөц бүрдүүлэхэд төлсөн гэж эх сурвалж мэдээлжээ.