Цусны төв ДӨРӨВДҮГЭЭР бүлгийн цусны нөөцгүй болсон гэх мэдээллийг няцаав

Цусны төв ДӨРӨВДҮГЭЭР бүлгийн цусны нөөцгүй болсон гэх мэдээллийг няцаав

Цахим сүлжээнд “цусны төв 4 дүгээр бүлгийн цусны нөөцгүй болсон. Олдоц муу байна” гэх мэдээлэл явж, иргэдийг цусаа хандивлахыг уриалаад байсан юм. Тэгвэл цус сэлбэлтийн үндэсний төвөөс энэхүү мэдээллийг няцааж, “Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр 4-р бүлгийн цусны хомсдолд орсон гэх ташаа мэдээлэл явах болсон нь үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Мөн Коронавирус халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий нийтэд цус, цусан бүтээгдэхүүний нөөц буурах эрсдэл үүссэн бөгөөд манай улсын хувьд ч удаа дараагийн хатуу хөл хорио, бүх нийтийн вакцинжуулалт болон бусад нөхцөл байдалтай холбоотойгоор цус цуглуулалт буурсан тул Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хариу арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, “Цусаа бэлэглэж цохилох зүрх бүхнийг аваръя” 3 сарын идэвхжүүлэлтийн аян өрнүүлснээр цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт өмнөх оны мөн үеэс 24 хувиар нэмэгдэж, тогтвортой өсч байгаа бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт ердийн үеийн түвшинд хүрч өсөн цус, цусан бүтээгдэхүүний боломжит нөөц бүрдээд байна. 

Цусны донорын үйлсийг дэмжих, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тогтвортой байдлыг хангахад нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хамт олны оролцоо маш чухал байдаг бөгөөд бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө бидэнтэй хамтран ажиллаж, сайн дураараа цусаа бэлэглэж ирсэн иргэд, байгууллага, хамт олон Та бүхэндээ Гүн талархлаа илэрхийлж байна. Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр 4-р бүлгийн цусны хомсдолд орсон гэх ташаа мэдээлэл явах болсон нь үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Цус, цусан бүтээгдэхүүний хадгалах хугацаа янз бүр байдгаас шалтгаалан өдөр бүр цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах шаардлагатай байдаг бөгөөд нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хамт олондоо бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө авлагагүйгээр цусаа бэлэглэн цусны донорын  эгнээнд нэгдэхийг уриалж байна” гэсэн байна.