Төрийн өмчийн 6 их сургуулийн оюутнууд харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой боллоо

Төрийн өмчийн 6 их сургуулийн оюутнууд харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой боллоо

2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Төрийн өмчийн зургаан их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Уг санамж бичгийн хүрээнд зургаан их сургуулийн оюутнууд харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгох суралцах, боловсролын үйлчилгээ авах боломжтой болж байгаа аж.

Тодруулбал, суралцагч нь гурван хэлбэрээр өөр сургуулиас хичээл сонгон судалж болох юм.  Нэгдүгээрт, Хоёр өөр сургуульд буй ижил агуулга бүхий хичээлийг өөр сургуульд судалж, өөрийн хөтөлбөрийн харгалзах хичээлдээ дүйцүүлэх боломжтой. Үүний цаана суралцагч өөр орчинд шилдэг багш, профессорыг сонгон суралцах давуу талыг олгох юм. Жишээлбэл ХААИС-ийн магистрант МУИС дээр заагдаж буй “Байгалийн ухааны судалгааны арга зүй” хичээлийг судалж өөрийн хөтөлбөрийн “Судалгааны арга зүй” хичээлтэй дүйцүүлж болох аж.  

Хоёрдугаарт, зарим их сургуулийн хөтөлбөрт өөр салбарын мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой, тодорхой багц цагийн хэмжээ бүхий хэсгийг тусгасан байдаг. Уг боломжийг зөвхөн өөрийн сургуулийн хэмжээнд бус бусад их сургуульд заагддаг бусад төрөл бүрийн салбарын нарийн мэргэжлийн хичээлүүдээс сонгон судалж өөрийн хөтөлбөрийнхөө харгалзах хэсгийн биелэлтэд тооцуулах боломжтой. Зургаан сургуульд өөр өөрийн онцлогоос хамаарсан нарийн мэргэжлийн болон шинжлэх ухааны олон чиглэлийн маш олон хичээлүүд заагдаж байгаа, түүнээс суралцагч өөрийн хөтөлбөр, судалгааны чиглэл, сонирхолдоо нийцүүлэн сонгон судлах боломжийг олгох давуу талтай.

Тухайлбал, МУИС-ийн биологийн чиглэлийн магистрант өөрийн судалгааны ажилтайгаа уялдуулан АШУҮИС дээр хүний биеийн анатоми, физиологийн нарийн мэргэжлийн хичээлүүдээс судалж дээр дурдсан “бусад” салбараас сонгон судлах ёстой хэсэгтээ тооцуулж болно. Мөн зарим сургууль дээр чөлөөт сонголтын хэсэг байдаг, түүндээ тооцуулах зорилгоор ч бусад сургуулиас хичээл сонгон судалж болно.

Гуравдугаарт, өөрийн хөтөлбөрт тооцуулахгүй ч өөрийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх, хувь хүний сонирхлын хүрээнд бусад их сургуульд заагддаг төрөл бүрийн хичээлээс нэмэлтээр сонгон судлах боломжтой. Энэ тохиолдолд тухайн судалсан хичээл нь хөтөлбөрийн биелэлтэд тооцогдохгүй бөгөөд харин төгсөлтийн баримт бичигт тухайн хичээлийг судалснаар нэмж тусгах юм. Жишээлбэл, өөрийн сонирхлоороо СУИС-ийн хөгжим, урлагийн чиглэлийн хичээлүүд эсвэл ХААИС дээр ургамал, газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлийн хичээлүүдээс, МУИС-ийн шинжлэх ухааны онолын хичээлүүдээс сонирхон судалж болох аж.

2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлын бусад их сургуулиас судлах хичээлийн саналыг 9 дүгээр сарын 20-24-ны хооронд хичээл солилцооны систем (http://hutulbur.num.edu.mn/exchange/)-ээр авах юм байна.

Эх сурвалж: МУИС