МУИС дэлхийн шилдэг 25 их сургуулийн нэгээр шалгарчээ

МУИС дэлхийн шилдэг 25 их сургуулийн нэгээр шалгарчээ

Их, дээд сургуулиудын чансаа тогтоодог U-Multirank 2021 эрэмбээр МУИС гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтран хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн үзүүлэлтээр нийт эрэмбэлэгдсэн 1140 их, дээд сургуулиас хамгийн өндөр оноо авсан байна. 

U–Multirank нь Европ дахь дээд боловсролын судалгааны хэд хэдэн төвүүдийн хамтран хөгжүүлсэн, бие даасан, хараат бус, (1) сургалт, (2) судалгаа, (3) мэдлэг дамжуулалт, (4) олон улсын хамтын ажиллагаа, (5) бүс нутаг/орон нутгийн хамтын ажиллагаа гэсэн 5 бүлэг үзүүлэлтэд суурилсан дээд боловсролын байгууллагын чансаа тогтоодог олон улсын эрэмбэ юм. Тус эрэмбэ нь 2014 оноос дэлхийн 80 гаруй улсын дээд боловсролын байгууллагуудын чансаа тогтоож эхэлсэн бол 2021 онд 1300 гаруй дээд боловсролын байгууллага тус эрэмбэд багтжээ. Тус эрэмбийг: 

  • ХБНГУ-ын Дээд боловсролын төв (CHE)
  • Твентийн их сургуулийн Дээд боловсролын бодлогын судалгааны төв (CHEPS)
  • Лейдений их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн судалгааны төв (CWTS)
  • Испанийн Мэдлэг, хөгжүүлэлтийн ажлын сан хамтран боловсруулдаг байна.

2021 оны U-Multirank эрэмбэд олон улсын хамтын ажиллагааны индекс гэх үзүүлэлтийг шинээр тооцож эхэлсэн бөгөөд тус үзүүлэлтээр мөн МУИС дэлхийн шилдэг 25 их сургуулийн эгнээнд багтан оржээ. Тус шилдэг 25 их сургуульд Европоос 21 их сургууль, Америк, Африк тивээс тус бүр 1 их сургууль, Азиас Японы Осака их сургууль болон МУИС багтан орсон байна.

Эрэмбэтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.umultirank.org/study-at/national-university-of-mongolia-rankings холбоосоор нэвтэрч үзнэ үү. 

Эх сурвалж: МУИС