Коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүн дахин халдвар авах боломжтой юу. Ихэнх хүн халдвар авч эдгэрсний дараа дархлаа тогтдог учир дахин өвдөхгүй гэсэн ойлголттой байдаг. Гэвч сүүлийн үед цөөнгүй хүн коронавирусээр өвдөж эдгэрснээс хэдэн сарын дараа дахин халдвар авсан талаар цахим сүлжээнд бичиж байна. Тиймээс бид халдвар авч эдгэрсний дараа дахин коронавирусээр өвдөх боломжтой эсэх талаар сүүлийн үед хэвлэгдсэн олон улсын судалгаа, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг уг нийтлэлээр бэлтгэн хүргэж байна.
-ХАЛДВАР АВЧ ЭДГЭРСЭН ИРГЭД ДАХИН МУТАЦИЛАГДСАН КОРОНАВИРУСЭЭР ӨВЧИЛСӨН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ-
Өнгөрсөн оны наймдугаар сард Хонконг, Нидерланд, Бельги улсуудад халдвар авч эдгэрсэн цөөнгүй хүн эдгэрснээс хэдэн сарын дараа дахин коронавирусээр өвдсөн тохиолдол бүртгэгдэж байв. Тухайн үед эмч мэргэжилтнүүд тус иргэдийн шинжилгээний хариу буруу гарсан, аль эсвэл эхний халдварын үлдэц эсэхийг тодорхойлж чадаагүй юм. Гэвч үүнээс хойш хэд хэдэн оронд адил тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, ВВС агентлагт гарсан нийтлэлд хоёр удаа халдвар авсан эрэгтэйн талаар өгүүлжээ. Тус иргэн 25 настай бөгөөд хоёр дахь удаа халдвар авах үед биеийн байдал нь эхнийхээс илүү хүндэрсэн байна. Өөрөөр хэлбэл, эхний удаа хөнгөн туссан бол хоёр дахь удаад биеийн байдал нь илүү хүндэрч уушги нь гэмтсэний улмаас эмнэлэгт хэвтжээ.
Невада мужийн тус иргэн ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүй, дархлааны согоггүй байсан аж. Түүнд илэрсэн шинж тэмдгийн хугацааг тоймловол,
- 4 -р сарын 18-Хоолой өвдөх, ханиалгах, толгой өвдөх, дотор муухайрах, суулгах зэрэг шинж тэмдэг илэрч, шинжилгээ өгөхөд эерэг гарсан байна
- 4 -р сарын 27 - Эхний шинж тэмдгүүд бүрэн арилж, эмч нар эдгэрсэн гэж үзжээ.
- 5-р сарын 5, 9, 26-нд PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарчээ
- 5-р сарын 28-Дахин халуурах, толгой өвдөх, толгой эргэх, ханиалгах, дотор муухайрах, суулгах шинж тэмдэг илэрсэн байна
- 6-р сарын 5- Улмаар дахин шинжилгээ өгөхөд хоёр дахь удаа эерэг гарсан бөгөөд энэ удаад амьсгал давчдах, цээж хатгах, цусан дахь хүчилтөрөгч багассан гэсэн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтжээ.
Невада мужийн их сургуулийн доктор Марк Пандори “Тухайн өвчтөний биед анх халдварласан коронавирус нь унтаа байдалтай хэсэг хугацаанд байсны дараа дахин сэргэсэн гэж үзэх үндэсгүй. Үүнээс илүү магадлалтай нь тус хүн хоёр удаа коронавирусийн халдвар авсан болов уу. Халдвар авч эдгэрсний дараа үүссэн дархлаа ирээдүйн халдвараас бүрэн хамгаална гэсэн үг биш” гэжээ.
Мөн Нидерландын эмч нар коронавирусийн энгийн халдвараар өвдөж эдгэрснээс хэдэн сарын дараа мутацилагдсан коронавирусээр өвдсөн хэд хэдэн тохиолдлуудыг баталжээ. Өвчтөнүүдийг эхний болон хоёр дахь удаа өвдөх үед шинжилгээ авч, вирусийн генетикийн кодыг харьцуулж үзэхэд хоёр өөр коронавирус байсан аж. Мөн АНУ-ын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв/CDC/ “хоёр удаа халдвар авах тохиолдол маш ховор бүртгэгдэж байгаа хэдий ч боломжтой үзэгдэл юм” гэжээ.
-ДАРХЛАА СУЛ, ЭСВЭЛ ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ ХҮМҮҮС ХАЛДВАР АВЧ ЭДГЭРСНИЙ ДАРАА ДАХИН КОРОНАВИРУСЭЭР ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА ГЭВ-
Эрдэмтдийн үзэж буйгаар коронавирусийн халдвараар хоёр удаа өвчлөх нь боломжтой зүйл аж. Тэгвэл чухам ямар хүмүүс дахин, дахин коронавирусийн халдвар авч байна вэ.
АНУ-ийн “New York Times” сонины шинжлэх ухааны нийтлэлч Катерин Ж. Ву, Жонатан Корум нарын бичсэнээр коронавирус бие махбодод орж ирсэн мөчөөс эхлэн тухайн хүний дархлаа тогтолцоо “байлдааны бэлэн байдал”-д шилжиж, өөрийн довтолгооны эсүүд болон олон тооны молекулуудыг дайчилж эхэлдэг. Хэрэв тухайн хүний дархлааны тогтолцоо сайн ажиллаж, вирусүүдийг устгаж чадвал маш хөнгөнөөр тусаад эдгэрдэг.
Харин хүнд тохиолдлуудад буюу өвчин хүндэрч буй үед вирус болоод дархлаа тогтолцооны хоорондын тэмцэл илүү удаан өрнөж, үүний дүнд уушги гэх мэт вирусийн халдварт шууд өртөж буй хэсгүүд амь насанд аюул учруулахуйц хүндээр гэмтдэг байна.
Халдвар авч, эдгэрсний дараа анх вирус хүний биед нэвтрэх үед үүссэн дархлааны систем хадгалагддаг. Улмаар бие махбодод хадгалагдсан дархлааны эсүүд болон уургууд нь дахин өвчин үүсгэгчийг илрүүлбэл хурдан таньж, устгадаг байна. Гэвч уг дархлааны хариу урвал хэр хугацаанд хүний биеийг хамгаалж чадах эсэх нь одоо ч тодорхойгүй байгаа юм.
АНУ-ын “La Jolla” Дархлаа судлалын хүрээлэнгийн Даниела Вайскопф, Алессандро Сетте, Шейн Кротти зэрэг тэргүүлэх судлаачид коронавирусийн халдвараар өвчилж эдгэрсэн 200 гаруй хүний дархлааны эсүүд болон эсрэг биетэд шинжилгээ хийж, тайлангаа “Science” сэтгүүлд нийтэлжээ.
Судалгаанд өгүүлснээр оролцогчдын дийлэнх хувьд нь халдвар авч эдгэрсний дараа дархлаа тогтсон байна. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 98 хувьд нь шинж тэмдэг илэрснээс нэг сарын дараа эсрэг биет үүссэн байжээ. Мөн уг эсрэг биет халдвар авч эдгэрснээс хойш тухайн хүнийг 6-8 сар хамгаална гэсэн байна. Гэхдээ эсрэг биетийн тоо хүн бүрт харилцан адилгүй бөгөөд дархлаа султай хүмүүс дахин халдвар авах эрсдэлтэй аж.
АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн/NIH/ энэ талаар “Эсрэг биет, дархлааны эсийн тоо хүн бүрд харилцан адилгүй үүссэн байна. Үүнийг тухайн хүний биеийн онцлог, нас, хүйс, өвчний хүнд хөнгөн байдалтай холбон тайлбарлах боломжгүй юм” гэжээ. Үүнээс үзэхэд халдварын дараа үүссэн дархлаа хүнийг 6-8 сар хамгаалдаг. Гэвч уг дархлаа хүн бүрд харилцан адилгүй үүсдэг учраас дахин халдвар авахаас бүрэн хамгаална гэж үзэх боломжгүй гэдгийг эрдэмтэд онцолж байна.
Үргэлжлүүлэн АНУ-ын Хүүхдийн халдварт өвчний мэргэжилтэн, анагаах ухааны доктор Фрэнк Эсперийн тайлбарыг авч үзье. Тэрбээр “Philosophical Transactions of the Royal Society A” сэтгүүл өгсөн ярилцлагадаа“коронавирусийн шинэ хувилбарууд өмнөхөөсөө хэд дахин халдварлах чадвар өндөр бөгөөд вакцинжуулалт болон халдварын дараа үүссэн дархлааг дарангуйлах чадвартай. Тиймээс хоёр удаа халдвар авах тохиолдол нь тийм ч гайхмаар зүйл биш” гэжээ.
Мөн доктор Эспер вакцин хийлгэсэн хүмүүс дахин халдвар авах магадлал бага байдаг талаар онцолсон байна. Энэ талаар Кливленд клиникийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаанд мөн өгүүлсэн байдаг. Судалгаанд дурдсанаар “вакцинд хамрагдаагүй хүмүүс бүрэн вакцин хийлгэсэн хүмүүсээс 2.34 дахин халдвар авах магадлал өндөр. Вакцинжуулалтын дараа үүссэн дархлаа байгалийн дархлаанаас илүү удаан хугацаанд хамгаалах чадвартай” аж.
Дээрх судалгаа, эрдэмтдийн таамаглалуудаас харахад халдвар авсан хүн дархлааны тогтоц, вирусийн мутаци зэргээс хамааран дахин өвдөх боломжтой. Тэгвэл дахин халдвар авахаас хэрхэн сэргийлэх вэ. Дахин халдвар авахаас сэргийлэх “онцгой” арга гэж байхгүй. Харин гараа тогтмол угаах, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт тогтмол зүүх, халдвар авч эдгэрсний дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, эрүүл хооллож, зөв амьдралын хэмнэлээр дархлаагаа дэмжихийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн АНУ-ын Хүүхдийн халдварт өвчний мэргэжилтэн, анагаах ухааны доктор Фрэнк Эспер дархлаа суларсан хүмүүсийг вакцины гурав дахь тунд хамрагдахыг зөвлөжээ.
Эх сурвалж: CDC, NIH, BBC, Health.clevelandclinic.org, La Jolla Institute,
Philosophical Transactions of the Royal Society A journal