Японы "NHK" сувгаар манай улсын залуу ХОЁР инженерийг онцлов

Японы "NHK" сувгаар манай улсын залуу ХОЁР инженерийг онцлов

Япон улсын алдарт "NHK"-гийн "Today's Close-up" гэх цаг үеийн асуудлаар сурвалжлан хүргэдэг 21:00 цагийн мэдээллийн нэвтрүүлгээр манай улсын хоёр иргэнийг онцлон дурдсан байна.

Тодруулбал, өчигдөр /2021.10.20/-ны өдрийн дугаараар гарааны бизнес болон хиймэл оюун ухааны талаар хөндөж, 1989 онд дэлхийн шилдэг компаниудын жагсаалтыг Япончууд тэргүүлдэг байсан бол одоо АНУ, БНХАУ тэргүүлдэг болсон гэсэн байна.

Үүгээр өөрсдийн улсын залуу инженерүүдийн боловсон хүчинг магтан сайшааж байхын зэрэгцээ хэсэг залуусыг онцолж танилцуулж байв. Дурдсанаар, “Японы  техник инженерийн коллежийн залуу инженерүүдийн том тэмцээнд амжилт гаргаад зогсохгүй, бүтээж буй шийдэл нь асар их хөрөнгө оруулалт татаж байгаа бөгөөд тэр дундаас хэдэн алхмын өмнө хөдөлмөрлөж буй мундаг залуус дунд Монгол хоёр залуу инженер байгаа” гэжээ.

Тус хоёр залуу Японы Нийгата муж, Нагаока хотын техник инженерийн коллежид суралцаж, үргэлжлүүлэн их сургуульд суралцаж байгаа гэсэн бөгөөд  мөн залуу инженерүүдийн том тэмцээнд Япон залуусыг ардаа орхиод зогсохгүй тэдний бүтээсэн программ нь аль хэдийн хэрэглэгчдийн гарт хүрсэн гэжээ.

Тус бүтээсэн програм шийдэл нь үйлдвэрлэлд нэвтрээд тухайн үйлдвэрийн тулгамдаж буй асуудлыг бүрэн шийдсэн байна. Мөн тэдний өгсөн ярианд “Цаашдаа Япон үйлдвэрлэлийн салбарыг удирдан чиглүүлэх зорилготой байгаа” гэсэн байна.