Эцэг, эх нь вакцины III тундаа хамрагдсан бол хүүхдийг нь танхимын хичээлд хамруулна гэжээ

Эцэг, эх нь вакцины III тундаа хамрагдсан бол хүүхдийг нь танхимын хичээлд хамруулна гэжээ

Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар /III/ тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж буй. Тиймээс ч гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг "Шар" түвшинд хүргэж бууруулахаар төлөвлөж байна гэж мэдэгдсэн

Тэгвэл гуравдугаар тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд зарим аймагт хүч хэрэглэж эхэлжээ. Тодруулбал, сурагчдыг танхимын хичээлд оролцохын тулд томуугийн вакцинд хамрагдсан байх, мөн эцэг, эх нь коронавирусийн  эсрэг вакцины гуравдугаар тунгаа хийлгэсэн байх гэсэн шаардлага тавьж байгаа талаар иргэд бидэнд мэдээлэв.

Тодруулбал, Дорноговь аймагт халдварын тохиолдол олноор бүртгэгдэж буй, мөн БНХАУ-тай хиллэдэг учир онцгой анхаарал хандуулж байгаа зэргээс шалтгаалан Ерөнхий боловсролын сургуулийн 6-аас доош ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлээд байсан. Тэгвэл энэ сарын 10 /2021.11.10/-ны өдрөөс танхимын хичээлийг эхлүүлэх шийдвэр гарсан байна. Ингэхдээ эцэг, эх нь заавал вакцины гуравдугаар тунд хамрагдсан хүүхдийг танхимын хичээлд хамаруулна, хэрэв хамрагдаагүй бол цахимаар хичээллэхийг үүрэгджээ.

Монгол Улс Дархлаажуулалтын хуультай. Дархлаажуулалт нь сайн дурын үндсэн дээр хийгдэнэ хэмээн цагаан дээр хараар бичигджээ. Гэтэл дээрх байдлаар иргэдийн эрхэнд халдаж, хүүхэд багачуудын сурч боловсрох эрхийг бүдүүлгээр зөрчиж байж болзошгүй байна.

Арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн мэдээллээр коронавирусийн дархлаа сэргээх нэмэлт буюу гуравдугаар тунд 432 мянга 198 хүн хамрагдаад байгаа аж. Энэ нь нийт хүн амын ердөө  13 хувь нь.  Харин энэ тоог өсгөхийн тулд дээрх арга хэмжээг авч эхлэв бололтой. Нөгөөтэй энэ оны арванхоёрдугаар сар /2021.12/-д хугацаа нь дуусах 800 мянган тун вакцин байгаа гэх мэдээллийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн.  

Угтаа гуравдугаар тун нь коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлнэ гэдгийг албаныхан хэлдэг. Энэ ч утгаараа иргэд өөрийгөө болон хайртай дотны хүнээ эрсдэлд оруулахгүй тул коронавирусийн гуравдугаар тундаа хамрагдах учиртай. Гэтэл энэ утгаар нь бус, иргэдийг хүч хэрэглэн, хүүхдээр нь барьцаалж дархлаажуулалтыг идэвхжүүлэх гэж буй нь зохисгүй, байж боломгүй үйлдэл юм. Тиймээс албаныхан энэ асуудалд анхаарал хандуулж, хүний эрхийг дээдлэхийг иргэд шаардаж байгаа ажээ.