Монгол толь бичгийн аппликейшний шинэчилсэн хувилбар гарлаа

Монгол толь бичгийн аппликейшний шинэчилсэн хувилбар гарлаа

“Үндэсний бичиг-Монгол соёлын үнэт өв” арга хэмжээний хүрээнд Монгол толь бичгийн аппликейшн болон монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүхийг өгүүлсэн цуврал контентын танилцуулга, Үндэсний номын сан хөмрөгт хадгалж буй үнэт ховор бичиг үсгийн дурсгалуудаас бүрдсэн “Оюуны охь” цахим үзэсгэлэнгийн нээлт болсон бөгөөд мөн энэ үеэр “Номын санч” сэтгүүлийн тусгай дугаарыг Word plus-т байршуулан олон нийтэд түгээлээ.

Энэхүү арга хэмжээг нээж Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг үг хэллээ. Тэрбээр, “Соёлын яамнаас 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон тэмдэглэж буйтай холбогдуулан энэ өдөр иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлж, үндэсний бичгээ сурч судлах хэрэглээний орчныг бүрдүүлж, иргэн бүрд сурах нөхцөл бололцоог тэгш хүртээмжтэй олгох бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлсэн монгол хэл бичгийн чиглэлийн олон ажлуудаасаа онцлон танилцуулж буй нэг ажил бол “Монгол толь” бичгийн аппликейшн буюу монгол хэлний толь бичгийн гар утсанд зориулсан хувилбар болно.

Толь бичгийн энэ удаагийн шинэчилсэн хувилбараас та бүхэн маань толгой үгийн утгын тайлбарыг үзэж, үндэсний бичгээрээ холбоо, хоршоо үгийг хэрхэн бичихтэй танилцаж, үндэсний бичгээ мэдэхгүй нэгэн нь үсэгчилсэн галиг харан унших чадвараа нэмэгдүүлэх зэрэг олон олон шинэ боломж, сонголтыг бий болгосны зэрэгцээ “Үгийн сүлжээ” тоглон үгийн сангийн баялгаа нэмэгдүүлэх боломжтой болсныг дуулгаж байгаадаа баяртай байна.

“Эх орноо хэмээх сэтгэл нь эх хэлээ үнэлэх үнэлэмжтэй уялдаатай. Эх хэлээ үнэлэх иргэний үнэлэмж нь төрөлх хэлээ хэр сурснаар илэрхийлэгдэх” учраас хүүхэд залуус, иргэдийнхээ эх хэлний боловсролд зориулан бүтээсэн аппликейшнийг татаж аваарай” хэмээн онцоллоо.

Мөн тус арга хэмжээний үеэр Монгол Улсад Орчин цагийн номын сан үүсэж хөгжиж, Монгол Улсын Үндэсний номын сан байгуулагдсаны 100-н жилийн ойд зориулсан “ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт бүртгэгдсэн баримтат өвүүд” сэдэвт шуудангийн маркны анхны өдрийн нээлтийн ёслол болов.

 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө