Хана нимгэн, дулаан алдалттай Завханы нэгдсэн эмнэлгийг засварлах аянд “нэг ч хүн хандив өгөөгүй” гэв

Хана нимгэн, дулаан алдалттай Завханы нэгдсэн эмнэлгийг засварлах аянд “нэг ч хүн хандив өгөөгүй” гэв

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржсан эх, нярай даарч бээрсэн, хөнжлөө нөмөрчихсөн суугаа сэтгэл эмзэглэм зураг олон нийтийн сүлжээнд саяхан гарсан.

Иймд 32 тэрбум төгрөгийн өртөгтэй “Богд Зонхов” бурхны хөшөө барих ажлыг санаачилж суухын оронд төрөх эмнэлэг барих санхүүг төсөвт суулгахыг Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцагаас зарим иргэд шаардаж байгаа юм.

Тэгвэл Завхан аймгийн 50 ортой Нэгдсэн эмнэлгийн тус барилга анх 2013 онд ашиглалтад орсон байна.

Гэвч тус барилгын хана нимгэн, цонх нь дулаан алдалттай байдаг бөгөөд өвлийн улиралд байнгын нэмэлт дулаалга, тенн зэргийг тавьж иржээ. Товчхондоо, тус барилга анхнаасаа чанар муутай баригдсан аж. Харин тус барилга ашиглалтад ороод 8 жил болж байгаа тул анх барьсан компани хариуцах хугацаа дууссан гэх тайлбарыг өгдөг байна. Харин улсын төсвөөс эмнэлгийн засварт жил бүр 11 сая төгрөг төсөвлөдөг ч тус мөнгө хаанаа ч хүрэлцдэггүй ажээ. Тиймээс эмч нар эмнэлгийн барилгаа засаж сайжруулахад шаардагдах хөрөнгө, мөнгө олохоор хандив цуглуулах аян өрнүүлэхэд “нэг ч хүн хандив өгөөгүй” талаар албаны эх сурвалж бидэнд мэдээллээ.

Харин энэ талаар Завхан аймгаас УИХ-д сонгогдож байсан З.Нарантуяа өөрийн твиттер хуудастаа, "Өмнө нь эмнэлэг өөрийн зуухнаас халааж бсан, “дарга” нарын зуух руу авсан, тэд нь халааж чадахгүй, саатал эвдрэл гарсан бнаа. Со хөн/зээлээр ДЦС-тай болох тендер 2020 зарласан,Со- талаас хөл хорионы улмаас ирээгүй, цуцлагдсан. ЗГ бодсон шийдэлгүй бгаа! Тэлмэн ДЦС 14 жил, failed" хэмээжээ.