Цэцэрлэгийг цахимд шилжүүлж, ЕБС-ийн сурагчдын амралтын урагшлуулах шахалтыг ЭМЯ-аас хийж байжээ

Цэцэрлэгийг цахимд шилжүүлж, ЕБС-ийн сурагчдын амралтын урагшлуулах шахалтыг ЭМЯ-аас хийж байжээ

Өчигдрийн /2021.12.01/ Засгийн газрын хуралдаанаар их, дээд сургууль, коллеж, ЕБС-ийн сурагчдын амралтын хугацааг наашлуулах шийдвэрийг гаргасан. Мөн сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн сургалтыг энэ сарын 10-ны өдрөөс /2021.12.10/ Цагаан сарын баярыг өнгөртөл цахим шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлэл хийхдээ "Энэ сарын 18-аас сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлнэ. Одоо 12 хоногийн хичээл үлдсэн учраас ирэх долоо хоногт танхимаар хичээллэж, үлдсэн долоо хоногийг цахимаар явуулж төлөвлөсөн хугацаандаа амралтыг эхлүүлье гэдэг чиглэлийг барьж ажиллана. Сурагчид арванхоёрдугаар сарын 18-аас хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амарна. Цэцэрлэгийн хүүхдүүдийг 12 дугаар сарын 10-аас хойш танхимын бус сургалтад шилжүүлнэ гэж байгаа. Үүнтэй уялдуулаад Цагаан сарыг хүртэл цахимаар хичээллэхээс өөр аргагүй болж байна. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй, ирэх даваа гарагт баталгаажна" гэсэн билээ. 

Засгийн газраас гаргасан дээрх гэнэтийн шийдвэр нь эцэг, эхчүүдийг бухимдуулж "Хүүхдээ хэнээр харуулах вэ" гэдэг асуудлаар сошиалд хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Өдөрт бүртгэгдэх коронавирусийн нийт халдварын тоо буурч байгаа ч хүүхдийн халдварын эзлэх хувь буурахгүй байна. Мөн бөөлжиж, суулгадаг ротавирусын халдварын тархалт өндөр байгаа юм. Удахгүй томуу, томуу төст өвчний халдварын оргил үе эхэлнэ. Тэгэхээр дээрх гурван өвчлөл давхцаж өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс хүүхдийн эрүүл мэндийг бодоод сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг Цагаан сарыг хүртэл зогсоож сурагчдыг амраах чиглэлийг Эрүүл мэндийн яамнаас Боловсролын яаманд байнга гаргаж байсан. Цэцэрлэгийн хүүхдүүдийг амраах асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана. Гэхдээ салбар яам, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн учраас дэмжих нь тодорхой болов уу" гэлээ. Тиймээс Эрүүл мэндийн яамны дүгнэлтэд үндэслэн Боловсролын яамнаас дээрх шийдвэрийг гаргажжээ.