"Цэцэрлэгийг 100 хувь хаахгүй. Зайлшгүй цэцэрлэгт өгөх ёстой хүүхдүүдийг дундын анги байгуулж авч магадгүй"

2021-12-06 12:44

"Цэцэрлэгийг 100 хувь хаахгүй. Зайлшгүй цэцэрлэгт өгөх ёстой хүүхдүүдийг дундын анги байгуулж авч магадгүй"

Өнгөрсөн долоо хоногийн /2021.12.01/ Засгийн газрын хуралдаанаар их, дээд сургууль, коллеж, ЕБС-ийн сурагчдын амралтын хугацааг наашлуулах шийдвэрийг гаргасан. Мөн сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн сургалтыг энэ сарын 10-ны өдрөөс /2021.12.10/ Цагаан сарын баярыг өнгөртөл цахим шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ"Цэцэрлэгийн хүүхдүүдийг 12 дугаар сарын 10-аас хойш танхимын бус сургалтад шилжүүлнэ. Үүнтэй уялдуулаад Цагаан сарыг хүртэл цахимаар хичээллэхээс өөр аргагүй болж байна. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй, ирэх даваа гарагт баталгаажна" гэсэн билээ. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас албан ёсоор эхэлнэ. Цэцэрлэгийг хоёр сарын хугацаанд хааж, цахимд шилжүүлэх үндэслэл бий. Энэ талаар холбогдох газруудтай хэлэлцсэн.

Нэгдүгээрт, Өнгөрсөн есдүгээр сараас хүүхдүүдийн өвчлөл танхимаас биш, гэр бүлийн орчноос халдвар авах нь ихэссэн.

Хоёрдугаарт, томуугийн тархалт нэмэгдэж байна. Томуугийн дэгдэлт нэмэгдэх нэг сарын хугацаанд цэцэрлэг, сургуулийг хаах шийдвэрийг эрүүл мэндийн багийнхан зөвлөж байгаа.

Гуравдугаарт, сурагчдын амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг юм байна. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн ирц 30-40 хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Сурагчдын амралт эхлэхээр ирц үүнээс ч буурна.

БШУЯ-наас нэг хувилбарыг судалж үзэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй, зайлшгүй асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, мөн харах хүнгүй, зайлшгүй цэцэрлэгт өгөх ёстой хүүхдүүдийг дундын анги байгуулж авч магадгүй.

Ер нь бол цэцэрлэгийг 100 хувь хаахгүй. Хэрэв холимог ангиар хүүхдүүдээ авах тохиолдолд хувийн цэцэрлэг ажиллах нөхцөл үүсэх юм. Иргэд нэмэлт тундаа 50 хувь хамрагдах юм бол бид хоёр, гурван настнуудаа 100 хувийн дүүргэлттэйгээр цэцэрлэгт хамруулна" гэлээ.

2021-12-06 10:16

Цэцэрлэгийн сургалтыг энэ сарын 10-ны өдрөөс "цахимд шилжүүлэх эсэх" нь ӨНӨӨДӨР тодорхой болно

Өнгөрсөн долоо хоногийн /2021.12.01/ Засгийн газрын хуралдаанаар их, дээд сургууль, коллеж, ЕБС-ийн сурагчдын амралтын хугацааг наашлуулах шийдвэрийг гаргасан. Мөн сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн сургалтыг энэ сарын 10-ны өдрөөс /2021.12.10/ Цагаан сарын баярыг өнгөртөл цахим шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлэл хийхдээ "Цэцэрлэгийн хүүхдүүдийг 12 дугаар сарын 10-аас хойш танхимын бус сургалтад шилжүүлнэ. Үүнтэй уялдуулаад Цагаан сарыг хүртэл цахимаар хичээллэхээс өөр аргагүй болж байна. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй, ирэх даваа гарагт баталгаажна" гэсэн билээ. Тэгвэл Улсын онцгой комисс өнөөдөр /2021.12.06/ хуралдаж цэцэрлэгийн хүүхдүүдийн сургалтыг цахимд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх аж. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэлийн албанаас тодруулахад "Тушаалын төсөл нь боловсруулагдаад явж байна. Л.Энх-Амгалан сайд өнөөдөр 11.00 цагийн үед энэ талаар олон нийтэд мэдээлэл өгөх байх" гэлээ.