Э.Анандын ээж: Ард түмний хандив, өөрсдийн бүхий л нөөц бололцоог ашигласан ч хаанаа ч хүрэхгүй эрсдэл тулгараад байна

Э.Анандын ээж: Ард түмний хандив, өөрсдийн бүхий л нөөц бололцоог ашигласан ч хаанаа ч хүрэхгүй эрсдэл тулгараад байна

Найман настай Э.Ананд хүү “нуруу нугасны хорт хавдар” гэж Монголд оношлогдож, БНСУ-руу өнгөрсөн тавдугаар сард эмчилгээнд явсан билээ. Тус улсад очсоны дараа төлөвлөсний дагуу хагалгаандаа орох гэж байсан ч “цусны хорт хавдартай” гэж давхар оношлогдсон.

Иймээс төлөвлөгөөгөө өөрчилж, химийн эмчилгээ хийлгэж байгаа талаар бид тухайн үед мэдээлж байв. Тэгвэл  БНСУ-д эмчлүүлж буй Э.Анандын биеийн байдал нь ямар байгаа талаар хүүгийн ээж Ц.Даваагаас тодрууллаа. Тэрбээр “Хүү маань зургаа дахь химийн эмчилгээндээ ороож явж байна. Зургаа дахь химийн эмчилгээ дуусаад нөхөн сэргээх эмчилгээндээ яаралтай орно. Удаан хугацаанд хэвтрийн дэглэмд байсан учраас нөхөн сэргээх эмчилгээ яаралтай хийлгэх шаардлагатай байгаа. Хэрэв яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол булчингууд нь улам суларч, буцаад алхаж гишгэж чадахгүй байх эрсдэл тэр хэмжээгээр ихсэх юм.

Зургаа дахь химийн эмчилгээ бүрэн дууссаны дараа MRI, чөмөгний гэх мэт бүх шинжилгээг дахин цогц байдлаар өгнө. Үүний дараа, дараагийн төлөвлөгөө гарна. Дараагийн төлөвлөгөө бол үүдэл эс шилжүүлэн суулгах. Ямартай ч анхны төлөвлөгөөний дагуу зургаан удаагийн химийн эмчилгээ дуусах тун дөхөж байна.

Өдийг хүртэл хүүгийн маань эмчилгээний зардал 234 сая гаруй вон буюу монгол мөнгөөр 560 гаруй сая төгрөг болоод байгаа. Цаашлаад дараагийн эмчилгээний зардал хэд гарахыг сайн хэлж мэдэхгүй юм. Одоо хамгийн гол тулгамдаж буй зүйл нь санхүүгийн асуудал байна. Ард түмний хандиваас гадна бид өөрсдийн бүхий л нөөц боломж, бололцоог ашигласан ч хаанаа ч хүрэхгүй байх эрсдэл тулгараад байна. Үүдэл эс гэхэд бас л донороосоо хамаараад 100 гаруй сая вон шаардагдах юм билээ.

Үүдэл эс суулгах эмчилгээ бол хэр удаан хугацаанд хийгдэж, хэр хэмжээний зардал шаардагдахыг одоогоор хэлж мэдэхгүй л байна. Хүү бид хоёр хүний нутагт хоёулахнаа байгаа учраас жижиг сажиг хүндрэлүүд гарч байгааг эс тооцвол хүүгийн маань бие сайн байгаа. Эцэст нь сайхан сэтгэлт Монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Одоо жаахан л хичээвэл болох гээд л байна даа” гэв.




Өнөөдөр луу өдөр

57 минутын өмнө