СУРВАЛЖИЛГА: “Халтирч унасан. Хурдлаарай хаашаа вэ” гэх тэвдэж, сандарсан иргэдийн хөлд ГССҮТ-ийн хүлээн авах хэдийнэ дасжээ

СУРВАЛЖИЛГА: “Халтирч унасан. Хурдлаарай хаашаа вэ” гэх тэвдэж, сандарсан иргэдийн хөлд ГССҮТ-ийн хүлээн авах хэдийнэ дасжээ

Манай сурвалжлах баг өнгөрсөн бямба гараг буюу энэ арванхоёрдугаар сарын 25-26 нд шилжих шөнө Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн бодит байдлыг сурвалжлахаар зорьсон юм.

Учир нь тус төвд өвлийн улирал эхлэхээр ачаалал эрс нэмэгддэг бөгөөд шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэд баярлаж дуусаад архины балгаар хөл, гараа хөлдөөх, халтирч унаж бэртэх, анхаарал болгоомжгүйгээс хүүхдээ гэмтээсэн эцэг эхчүүд яаран сандралдах гэх мэт маш олон санамсар болгоомжгүйгээс болж тусламж авах гэсэн иргэд үйлчлүүлдэг тул бид сэрэмжлүүлэг хүргэх үүднээс сурвалжлав.

ГССҮТ. 2021.12.25

-ХҮҮХЭД НЬ ГЭМТСЭН ЭЦЭГ ЭХЧҮҮД ГҮЙЛДЭЖ, АРХИНЫ ХАЛУУНД ӨВДӨЛТӨӨ Ч МЭДРЭХГҮЙ ЗАЛУУС ХОЛИЛДОНО-

Оройн 23:20 минут. Энэ өдөр шөнийн цаг гэхэд замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээнд нэмэгдсэн байв. Учир нь тус өдөр ихэнх албан байгууллага шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбоотой хэмээн таамаглаж бид ГССҮТ-ийг зорих үеэр  атозам дагуу такси үйлчилгээ эгнэж зогсоно.

Энэ тэндхийн бар, караоке, төвүүдээс халамцуухан эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэх янз бүрийн насны хүмүүс гарч ирж яваа харагдана.

Ийнхүү явсаар зорьсон ГССҮТ-д ирлээ. Ингээд бид тус төвийн хүлээн авах хэсгийг шууд зорьсон юм. Хүлээн авахын хаалгаар орох төдийд үүдэнд иргэд оочирлож бүгд ариутгалын хаалга бараадан зогссон харагдана. Тус хаалганы дэргэд зогсох залуухан сувилагч бүсгүйгээс сурвалжилга хийх талаараа хэлэхэд “заавал дарга нараас зөвшөөрөл авах ёстой шүү” хэмээн надад сануулав. “Тэгээд дарга нар нь хаана байгаа вэ" гэсэнд “маргааш ирэхээр нь уулзаж болно” хэмээн цааш нэг эмчийн дуудлагаар гүйн одов. Иймээс бид зөвшөөрөл авч чадаагүй тул тус төвийн эргэн тойрныг ажигласан юм.

Хүлээн авахын үүдэнд зогсоод 20 минут ч болоогүй байхад үүд тасралтгүй нээгдэж хаагдан 30-аад хүн уван цуван орж ирлээ. Хаалга тасралтгүй онгойсноос болж үүд хэсэгт хүйтэн орж, хүмүүс дор бүрдээ чичирхийлнэ. Яг үүдээр ороод гурван алхмын зайд зүүн талд ариутгалын хаалга байх бөгөөд харин шууд чигтээ “Зогс! Гаднын хүн орохыг хориглоно” “цагдаа №219” гэх бичигтэй шилэн хаалга байх аж.

Энэхүү хаалгаар зөвхөн яаралтай түргэн тусламжаар ирсэн түрдэг ортой иргэд л нэвтрэх бөгөөд өвчтөн болон хамт яваа нэг л хүн ариутгалын хаалгаар орж, бүртгүүлэн цааш эмч рүү явна. Харин бусад хамт ирсэн хүмүүс үүдэнд үлдэцгээнэ. Удалгүй түрдэг орон дээр амьсгаатай үгүй нь мэдэгдэхгүй хувцас нь битүү цагаан будаг, шохой болчихсон эрэгтэйг хоёр найз нь тал талаас нь хувцсыг нь тайлах гэж оролдсоор орж ирж яваа харагдав. Харваас барилгын ажил хийж яваад бэртсэн нь илт.

Тус шилэн хаалганы жижигхэн хэсгээр үүдэнд байх иргэд ээлжлэн харж, 

-Тэр мөн үү?

-биш ээ.

-одоо хардаа тэр мөн үү?

-Эвий дээ мөн байна. Явж байгааг нь хардаа хэмээн уулга алдаж, хайрлан энхрийлэх аж.

Хэсэг хугацааны дараа бага насны хүүхдүүдээ адель, хөнжил, даавуугаар битүүлэн ороосон аав нар дөрөв дараалж орж ирээд орилон эмч дуудацгаана. Аав нарын нийтлэг шинж “миний хүүхдийг хамгийн эхэнд үзээдэх” хэмээн уцаарлан хэлэх байв. Харин ээж нар харьцангуй тайван байх хэдий ч уйлсан, гэмшсэн төрхтэй харагдах аж. Тэглээ гээд ялгаварлан үзэх эмч тэнд нэгээхэн ч үгүй. Орилж, уйлж байгаа бүхэнд дассан эмч сувилагч нар зөрүүлээд загнаж байгаа нь сонстоно.

ГССҮТ. 2021.12.25

Мөн ээжийгээ дааж ядан ирэх залуу хаалгаар багтан ядан орж ирээд “Цагийн өмнө халтирч унасан. Хурдлаарай хаашаа вэ” хэмээн сандран асууна. Энэ төвийн нэг давхар нийт 15 хэсэгтэй бөгөөд нэг номерын өрөө буюу ахмад настан, хүүхдүүд хүлээн авах хэсэг харьцангуй гайгүй ачаалалтай гэх. Харин яг шөнийн цагаар согтуу хөлчүү иргэд зодолдсон бэртэл гэмтэл битүү орж ирдэг байна.

Энэ үеэр мухрын өрөөнөөс хүүхдийн орилон уйлах чимээ сонстож бүгдийг цочоов. “Аав аа та намайг өвтгөхгүй гээ биздээ. Аав аа би явмаар байна. Харимаар байна. Гуйж байна шд ээ” хэмээн улам чанга хашхиран уйлна. Хоёр талаас аав ээж нь чимээгүйхэн аргадах гэж оролдоод сүүлдээ дийлээгүй шинжтэй аав ээж хоёр нь хоорондоо хэрэлдэн муудалцах аж.

Удалгүй шинэ жилээ тэмдэглэж яваад бусадтай муудалцаад гэмтэл авсан гэлтэй нэгэн халамцуухан 25-30 орчим насны эр бусадтай утсаар ярих нь сонсогдоно. Тэрээр “Хөөе рентгенд зургаа харууллаа бүр нэг цагийн дараа хариу нь гарна гээд. Тэгсэн дөрвөн хавирга хугарсан байна гэнэ үү. Хэвт гэнээ. Гай вэ” хэмээн халаглаж байх юм. Тэрбээр архины халуундаа өвдөлтөө ч айхтар мэдэрч чадахгүй байгаа бололтой найзуудаа дуудаж ирүүлнэ. “Хүлээн авах”-ын үүдэнд хүмүүс овоорсон хэвээрээ. Цаг орой болсон атал хөл хөдөлгөөн татрах шинжгүй.