О.Дашпагам: Гадаад орныг зорьж буй иргэд ихэвчлэн вакцины дөрөв дэх тунг хийлгэж байна

О.Дашпагам: Гадаад орныг зорьж буй иргэд ихэвчлэн вакцины дөрөв дэх тунг хийлгэж байна

Иргэдийн коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамаас тодрууллаа.

-Манай улсын хүн амын 66.5 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан. Үүнээс хэд нь гуравдахь тунд хамрагдсан бэ?

-Наймдугаар сараас дархлаа сэргээх тунгаар иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Эхлээд эмч, эмнэлгийн ажилтнууд, хариу арга хэмжээний багийнхан, архаг суурь өвчтэй хүмүүс гээд үе шаттайгаар гуравдугаар тунд хамруулсан. Есдүгээр сарын 13-аас хойш 18-аас дээш насны хоёр тундаа бүрэн хамрагдаад гурван сараас дээш хугацаа болсон иргэдийг нэмэлт тунгаар дархлаажуулах шийдвэр гарсан юм. Одоогийн байдлаар 900 мянган иргэн нэмэлт тунд хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, хоёр тунд хамрагдсан байгаа 2.1 сая иргэний 1.2 сая нь гурав дахь тундаа хамрагдаагүй байна. Хоёрдахь тунд хамрагдаад гурван сараас дээш хугацаа өнгөрсөн 1.2 сая иргэн байна гэсэн үг. Эдгээр хүмүүс дархлаа сэргээх тундаа хамрагдах шаардлагатай байна.

-Нэмэлт тунд хамрагдахгүй байгаа иргэд өвдөөд эдгэрсэн, дээрээс нь вакцины хоёр тунтай учраас гуравдугаар тун шаардлагагүй гэж үзээд байх тал байна?

-Өмнө нь аль нэг вакцинаар тогтсон дархлаа тодорхой хугацааны дараа буурдаг юм байна. Тэгэхээр нэмэлт тунг хийснээр халдвараас сэргийлэх өвөрмөц дархлаа маш өндөр түвшинд хүрдэг нь тогтоогдсон. Үүнээс үндэслээд нэмэлт тунг хийх шийдвэрүүд гарсан. Магадгүй өвдчихсөн гээд хийлгэх ёстой үгүйгээ мэдэхгүй байгаа хүмүүс байх шиг байна. Хэрвээ эхний тунгаа хийлгээд халдвар авсан, эсхүл хоёрдугаар тунгаа хийлгэснийхээ дараа халдвар авсан бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараагаас нэмэлт тунд хамрагдах боломжтой юм. Өвдсөний дараа тогтох дархлаа, вакцины дархлаа тогтох дархлаа хэсэг хугацааны дараа буурдаг. Нэмэлт тун бол дархлааны түвшинг вакцинаар нэмэгдүүлж байгаа үйл явц. Өвдөөд эдгэсэн гурван тунтай байлаа гээд тариулах болгонд эсрэг биет саван дээр ус хийж байгаа юм шиг нэмэгдээд хальж, асгараад байх зүйл байхгүй. 

Ямар насныхны дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж байна вэ?

-40-өөс дээш насныхан нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна. Харамсалтай нь идэр залуу буюу 18-38 насныхны идэвх маш сул байна. Уг нь энэ насныхан нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй ордог. Оюутан, залуус халдвар тараах өндөр эрсдэлтэй учраас дархлаажуулалтад илүү идэвхтэй хамрагдах ёстой юм.

-Вакцинаар тогтсон дархлаа тодорхой хугацааны дараа буурч байгааг хэллээ. Зарим оронд дөрөвдүгээр тунг хийгээд эхэлжээ. Манайхан сайн дураараа дөрөвдүгээр тунд хамрагдаж болно гэдгийг НЭМГ-аас хэлж байсан. Дөрөвдүгээр тунг тариулж байгаа хүн байна уу?

-Мэдээж энэ бүхэн судалгааны дүн дээр үндэслэх шаардлагатай болно.  Дархлаа бол тогтвортой насан туршийнх биш юм байна гэдэг нь тогтоогдсон. Харин ямар хугацаанд вакцин хамгаалж байна гэдгийг судалсны үндсэн дээр дараагийн вакциныг хийх эсэхийг шийдэж байгаа юм. Иргэд сайн дурын үндсэн дээр дөрөв дэх тунг хийлгэх тохиолдол байна. Энэ тохиолдолд ихэндээ гаднын орныг зорих гэж байгаа учраас эрсдэлээс хамгаалах зорилгоор тариулж байна.