О.Батбаяр: 11 дүгээр сараас хойш гадаадаас ирсэн 75 хүнээс халдвар илэрсэн ч Омикрон бүртгэгдээгүй

О.Батбаяр: 11 дүгээр сараас хойш гадаадаас ирсэн 75 хүнээс халдвар илэрсэн ч Омикрон бүртгэгдээгүй

УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр коронавирусийн нөхцөл байдал, Омикрон хувилбарын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2021 оны 11 дүгээр сарын 27-оос хойш нийт 95 олон улсын нислэгээр 9723 зорчигч Монголд ирсэн байна. Одоогийн байдлаар эхний шинжилгээгээр 63, хоёр дахь шинжилгээгээр 75 тохиолдол илэрсэн байна. 

Гадаадаас ирж байгаа иргэдэд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа бөгөөд манай улсад Омикрон хувилбар бүртгэгдээгүй байна. Энхийг сахиулагчдын нэг удаагийн нислэг гэж тусдаа байгаа. Өнгөрсөн сард ирсэн энхийг сахиулагчид Багабаянд тусгаарлагдаж байна. Тэдэнд одоог хүртэл хийсэн шинжилгээгээр Омикрон илрээгүй. Гадаадаас ирсэн иргэдээс

  • 12 дугаар сарын 24-нд Тайландаас ирсэн 10 хүн,
  • 12 дугаар сарын 27-нд Туркаас ирсэн 10 хүнээс халдвар илэрсэн. Энэ нь зөөвөрлөгдөн ирсэн коронавирусийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Одоогоор дэлхийн 100 гаруй оронд Омикрон бүртгэгдээд байна. Омикроны халдварлах чадвар, хоруу чадварын талаарх судалгаанууд тодорхой болж байна. Өнөөдрийн байдлаар Омикрон хамгийн анх бүртгэгдсэн ӨАБНУ-д өнгөрсөн сарын сүүлээр болон энэ сарын эхээр халдвар буурч эхэлсэн байна. Мөн  Их Британид өнгөрсөн оны сүүлээр халдвар буурч эхэллээ. Өөрөөр хэлбэл, Омикрон тус улсуудад бүртгэгдсэнээс нэг сарын дараа  халдвар буурч байна. ӨАБНУ-д хийгдсэн судалгаагаар нас баралт бага, эмнэлэгт хэвтэлт бага байна.

Урьд нь өвчилж байсан болон вакцинд хамрагдсан хүмүүс Омикроноор өвдсөн ч хүндрэл нас баралт бага байна. Тухайлбал, Т эсийн В эсийн дархлаа үр дүнтэй байна. Тийм учраас иргэдийг вакцины гуравдугаар тунд хамрагдахыг уриалж байна” гэв.