Цэргийн төв эмнэлэг “хүний нөөцгүй байна” гэх шалтгаанаар Ковидын халдвар авсан иргэнд эмчилгээ хийхгүй удаажээ

Цэргийн төв эмнэлэг “хүний нөөцгүй байна” гэх шалтгаанаар Ковидын халдвар авсан иргэнд эмчилгээ хийхгүй удаажээ

Өчигдөр /2022.01.04/ 488 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдаж нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 391,604 болж нэмэгдсэн байна. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд хоногт шинээр илэрсэн халдварын хамгийн олон тохиолдол юм. Тодруулбал, хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр 441 тохиолдол батлагдаж, түүнээс хойш өдөр бүр 400-аас доош халдвар бүртгэгдэж байв.

-КОВИДЫН ХАЛДВАР АВЧ ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДСЭН Ч ЭМЧИЛГЭЭГ НЬ ЭХЛҮҮЛЭХГҮЙ ХОЁР ХОНОЖ БАЙНА ГЭВ-

Өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдсэн нь шинэ жилийн баяр тэмдэглэсэнтэй холбоотой байж болзошгүй юм. Тэгвэл халдвар авч эмнэлэгт болон гэртээ эмчлүүлж буй зарим иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байна гэх гомдол, мэдээлэл манай редакцид ирлээ. Тодруулбал, халдвар аваад гэртээ тусгаарлагдаж буй иргэдэд багц олдохгүй байх хүртээмж муугаас үүдэн эмийн хомстолд өртсөн зэрэг асуудал тулгарч байгаа аж.

Харин зарим эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдэд ажилчдын хүний нөөцийн хомстолтой холбоотой гэх шалтгаанаар эмчилгээг эхлүүлэхгүй хугацаа алдаж буй аж. Манай редакцид хандсан эх сурвалжийн /нэрийг нууцлав/ мэдээллээр Цэргийн төв эмнэлэг нь халдвар аваад хэвтэн эмчлүүлэхээр ирсэн иргэдийн эмчилгээг эхлүүлэхгүй хоёр хоноод буй аж.

Эмнэлэгт хэвтсэн иргэдэд эмчилгээ хийхгүйгээс болж биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй байгаа аж.

Энэ талаар эх сурвалж хэлэхдээ “Өнгөрсөн сарын сүүлээр миний биед шинж тэмдэг илэрсэн. Түргэвчилсэн шинжилгээ өгөхөд сөрөг гарч байсан учраас ханиад гэж бодон харьцангуй тайван байлаа. Бие дээрдэхгүй байсан учир энэ сарын 03-ны өдөр PCR шинжилгээ өгөхөд эерэг гарсан. Улмаар хоёр уушиг битгүү хатгаатай, биеийн байдал хүндэвтэр байсан учир Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж хэвтсэн. Миний хувьд энэ өдрийн өглөө эрт ирж хэвтсэн ч өвчтөний түүх нээгээгүй бүтэн өдөр өнжлөө. Өвчтөний түүх нээгээгүй учир эмчилгээ байхгүй нь тодорхой. Энэ эмнэлэгт хоёр хонож буй ч эмчилгээ хийлгэж эхлээгүй хүн олон байна. Ямар учир шалтгаанаар хугацаа алдаж буйг нь тодруулахад хүний нөөцгүй байна л гэсэн. Энэ хугацаанд бие бүр дордож байна. Хоол унд болон бусад үйлчилгээг орхилоо гэж бодоход хугацаа алдалгүй эмчилгээг эхлүүлмээр байна. Ханиалгаж, бие өвдөж, сульдаж хэцүү байна. Үүнд салбарын сайд нар анхаарч өгөөч” гэсэн юм. Бид энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд бусад албаны мэргэжилтнүүдээс тодруулж мэдээлэл хүргэх болно.