ТОДРУУЛГА: ЕБС-ийн хичээл эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор сунгах саналыг БШУЯ дэмжихгүй гэжээ

ТОДРУУЛГА: ЕБС-ийн хичээл эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор сунгах саналыг БШУЯ дэмжихгүй гэжээ

ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд хэд, хэдэн арга хэмжээг авах шаардлагатайг өчигдөр /2022.01.18/ мэдэгдсэн. Үүнд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах буюу эсхүл цахимаар хичээллүүлэх санал багтсан байсан. 

Тэгвэл өнөөдрийн /2022.01.19/ Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн хугацаатай үүрэг өгч, сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлыг сайтар судлахыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, ХӨСҮТ, Эрдэмтдийн зөвлөл зэрэгт даалгасан байна. 

Боловсролын яамны хувьд ЕБС, цэцэрлэгийн амралтыг сунгахгүй гэсэн байр, суурийг өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ. Тус яамны хувьд омикроны халдвартай холбоотой бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хориогүй атал ганц сургуулийг хаах гэж буй нь тохиромжгүй гэсэн байна. Омикроноос илүү томуу, томуу төст өвчиндөө анхаарах шаардлагатай гэжээ.

Харин Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн зүгээс омикрон хувилбарын халдварын давалгаа хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Тиймээс тэр үеийг өнгөртөл сурагчдыг амраах нь зүйтэй гэдэг байр, суурийг илэрхийлсэн байна. Маргаашнаас ажлын хэсгүүд хуралдан сурагчдын амралтыг сунгах эсэхээр байр, сууриа нэгтгэх аж.