ТОЙМ: ТҮЦ-ийн эмэгтэйг улайтал шоудаж явсан Б.Бат-Эрдэнэ "манаачийн шовоохой агаар бохирдуулж байгаа"-г ЗАРЛАВ

ТОЙМ: ТҮЦ-ийн эмэгтэйг улайтал шоудаж явсан Б.Бат-Эрдэнэ "манаачийн шовоохой агаар бохирдуулж байгаа"-г ЗАРЛАВ

Энэ долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлж, түүний оронд ШӨХТГ-ын дарга, Эрдэнэс тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнийг томилсон нь анхаарал татсан үйл явдал байв.

Учир нь Н.Уртнасан өнгөрөгч Бямба, Ням гарагт амралтгүй ажиллаж “Улаанбаатар хотын гэр хорооллоор явж, утаа шалгасан” ч Даваа гараг /2022.01.18/-т болсон Засгийн газрын ээлжит бус хуралд түүнийг оролцуулалгүй, огцруулж орхисон.

- ШОУДАЖ БИТГИЙ АЖИЛЛААРАЙ ГЭЖ Б.БАТ-ЭРДЭНЭД ЗАХИВ-

Харин БОАЖ-ийн сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнийн талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Сайдын босго их намхан болсон байна. Б.Бат-Эрдэнийг би тийм ч мэдлэг боловсролтой нэгэн биш гэж харж байгаа. Хоосон ПиАр битгий хийгээд байгаарай. ТҮЦ-ийн эмэгтэйг улайтал шоудаж байсан шүү. Сайд болчихоод битгий ийм зүйл хийгээрэй" гэсэн юм.

ШӨХТГ-ын Б.Бат-Эрдэнэ, дуучин Ч.Уранхолбоо нар ТҮЦ шалгав

Учир нь ШӨХТГ-ын Б.Бат-Эрдэнэ, дуучин Ч.Уранхолбоогийн хамт хүүхдийн баярын өмнөх өдөр /2021.05.31/ ТҮЦ-ийн худалдагчийг хянан шалгах нэрээр “дарамталсан” нь олны шүүмжлэлийг дагуулсан. Тэрээр нь энэ үеэрээ “Цагаан самар, Алибаба” худалдаж байсан зөрчил ирүүлж байв. Иймд түүнийг популизм, шоу хийлгүй ажиллаарай хэмээн захиад байгаа аж.

-Б.БАТ-ЭРДЭНЭ ШОУДАЖ ЭХЛЭВ-

Харин тэрээр “Эжий аавдаа үнсүүллээ. Иргэдийнхээ төлөө ухаан, сэтгэл, зүрхээ шингээж ажилланаа” хэмээсэн. Улмаар тэрээр, “агаарын бохирдлыг бууруулахад газар дээр нь ажиллана” гээд ажилдаа орсон бол, өчигдөр /2022.01.21/ агаарын бохирдлын асуудлаар гаргасан эхний шийдвэрүүдээ танилцуулсан юм.

Тэрээр, “Айлын яндангаас гарах утааны стандартыг тогтооно”, “625 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс 500 мянган машин нь өглөө бүр машинаа халааж байгаа нь орчны бохирдолд нөлөөлж байна. Иймээс дулаан зогсоолын асуудлыг шийдэх хэрэгтэй гэж харж байна. Мөн барилгын компанийнхан харуул манаачаа байрлуулахдаа их хэмжээний утаа гаргаж байгаа юм. Цаашид хамгаалагч үлдээхээр бол гэрээ цахилгаан халаагуураар халаах чиглэл өгнө” гэж мэдэгдсэн юм.

Товчхондоо, тэрээр ТҮЦ-нээс “цагаан самар, алибаба” илрүүлж байсан шигээ айлын утаа стандартгүй байгааг мэдэж, нэгэн зэрэг 500 мянган автомашин асаж, манаачийн байр агаар бохирдуулж байгааг илрүүлсэн бололтой. Харин энэ утаа иргэдийн ядуурал, төрийн бодлогоос үүдэлтэй гэж ярьсангүй.