ВИДЕО: Хүүхдүүд "Омикрон"-оор хүнд өвчилж байгаа тул иргэд “БҮҮСТЕР” тунд идэвхтэй хамрагдаж эхэлжээ

ВИДЕО: Хүүхдүүд "Омикрон"-оор хүнд өвчилж байгаа тул иргэд “БҮҮСТЕР” тунд идэвхтэй хамрагдаж эхэлжээ

Сүүлийн өдрүүдэд манай улсад өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын дийлэнх хувийг “Омикрон” хувилбар эзэлж буйг салбарын хүмүүс онцолж, хүүхдүүдээ тус вирусээс хамгаалахыг анхааржуулж байна.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор зарим дархлаажуулалтын цэгт вакцин хийлгэх гэсэн иргэдийн оочер дараалал нэмэгдэх болжээ. Үүнийг албаныхан “хүүхдүүдээ коронавирусийн Омикрон хувилбараас сэргийлэхийн тулд иргэд бүүстэр тундаа идэвхтэй хамрагдаж байна” гэж тайлбарлаж байгаа юм. Гэвч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн хөл толгой нь олдохоо байж, олны хөлд дарагдаад байна. Иймд иргэд та бүхнийг бага насны хүүхдүүдээ Омикрон хувилбараас хамгаалын тулд бүүстер тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

-ОМИКРОН ХУВИЛБАР ДОТООДОД БҮРТГЭГДСЭНЭЭС ХОЙШ ИРГЭДИЙН БҮҮСТЕР ТУНД ХАМРАГДАХ ИДЭВХ НЭМЭГДСЭН ГЭВ-

Бидний очсон эхний дархлаажуулалтын цэг бол Чингэлтэй дүүргийн 6-р хороо “Ижил санаа” Өрхийн эрүүл мэндийн төв/ӨЭМТ/ байв. Өрхийн эмнэлэгт бага насны хүүхдүүдээ үзүүлэх гэсэн нэлээдгүй эцэг, эх оочерлож байсан бол дархлаажуулалтын цэг харьцангуй хүн багатай байлаа. Хаалгаар нь орвол ахмад насны нэгэн эрэгтэй гуравдугаар тунгаа хэзээ хийлгэснээ системээс шүүлгэхээр сууна. Хэрэв гурван сар өнгөрчихсөн байвал дөрөвдүгээр тунгаа хийлгэх гэж байгаа аж. Эмч “Наймдугаар сарын 27-нд хийлгэсэн юм байна. Та дөрөвдүгээр тунгаа хийлгэж болно” гэж хэлээд даралтыг нь үзэв. Ингээд “Pfizer” вакцин хийлгэснийх нь дараа тус иргэнийг ажиглалтын хэсэгт суулгалаа. Тэрбээр 67 настай бөгөөд гуравдугаар тунгаа хийлгэсний дараа гартаа ус хүргэчихсэн аж. “Тиймээс вакцины үйлчлэл буурсан юм болов уу гэж санан дөрөвдүгээр тунгаа хийлгэж байна” гэсэн юм. Бусад оочерлон зогсох хүмүүс бүгд вакцины гуравдугаар тундаа хамрагдаж байлаа.

Бидний дараагийн зогсоол Сүхбаатар дүүргийн 9-р хороо, “Энхийн санаа” ӨЭМТ байв. В1 давхарт байх дархлаажуулалтын цэг рүү орвол нэг ч хүн байсангүй. Харин эмч өвчтөн үзэж, эмчилгээ бичиж өгч байлаа. Өвчтөнөө үзэж дууссаных нь дараа бид “Энхийн санаа” ӨЭМТ-ийн Өрхийн эмч Б.Цэцэгмаагаас иргэд дархлаажуулалтдаа хэр идэвхтэй хамрагдаж байгаа талаар асуухад “Иргэдийн идэвх сайн байгаа шүү. Өвчлөлийн тоо харьцангуй бага, тайван байх үед дархлаажуулалтад хамрагдах буй хүмүүсийн тоо ч буурсан. Харин Омикрон хувилбарын тархалт эрчимжиж эхэлсний дараа ялангуяа бүүстер тунд хамрагдах иргэдийн тоо нэмэгдсэн. Манайд гэхэд өдөр бүр 10-50 хүн вакцин хийлгэж байгаа. Өдөрт ирж буй хүмүүсийн бараг 40 хувь нь дөрөвдүгээр тунд, 60 хувь нь гуравдугаар тунгаа хийлгэж байна.

Иргэд АНУ-ын “Pfizer” болон БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцинаас сонгон хийлгэх боломжтой. Ихэнх хүн “Pfizer” вакциныг гурав болон дөрөвдүгээр тунгаар хийлгэж байна” гэв. Үргэлжлүүлэн бид хүүхдийн өвчлөл хэр байгаа талаар асуухад “Хүүхдийн өвчлөл нэлээн байгаа шүү. Өдөрт бүртгэгдэх нийт халдварын тохиолдлын бараг 50 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна” гэв.

-УРТААС УРТ ДАРААЛАЛ, УУРЛАЖ БУХИМДСАН ЭЦЭГ, ЭХЧҮҮД, ХҮҮХДИЙН УЙЛАХ ЧИМЭЭ. ЭНЭ БОЛ ЭХ НЯЛХАСЫН ӨДӨР ТУТМЫН ДҮР ЗУРАГ-

Бид явсаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу олонхын нэрлэж заншсанаар Эх нялхаст очлоо. Амбулаторийн үзлэгийн хэсэг рүү орвол маш олон хүн хүүхдээ эмчид үзүүлэхээр оочерлон зогсож байв. Хаа сайгүй хүүхдийн уйлах чимээ хадах бөгөөд энэ дунд ханиалган, хүндээр амьсгалах нэгэн хүү “ээж ээ бидний ээлж болсон уу. Гэртээ харъя” гэж уйлагнана. Ханиад томууны улирал, Омикронтой давхцаж, тус эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ. Бага насны нярай хүүхдээ тэврэн зогсох нэгэн эмэгтэй “Эх нялхсын оочер дараалал маш их байдаг. Бид энэ эмнэлгээр байнгын үйлчлүүлдэг ч үргэлж ийм байдалтай байдаг. Өглөөнөөс орой болтол оочерлож байж хүүхдээ арайхийн үзүүлнэ. Одоо хэд хэдэн эмч коронавирусээр өвдчихсөн байгаа гэсэн. Үүнээс шалтгаалаад цөөхөн эмч үзэж байна” гэсэн юм.

Өөр нэгэн эмэгтэй “Хүүхэд маань халуураад аргагүйн эрхэнд энд ирлээ. Нөхцөл байдал үнэхээр аймшигтай байна. Энэ их оочер дарааллын хажуугаар хүүхэд маань халдвар авчих вий гэж айж байна. Эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгөх цаг авах гэтэл бүр 25 хоногийн дараа үзүүлэх боломжтой гэсэн. Бусад тасагт ч маш их оочертой байна. Ганц байгаа хүүхдийн эмнэлгээ өргөжүүлээд, ямар ч оочер дараалалгүй үйлчлүүлчихдэг болгочихвол өөр хүсэх зүйл алга” гэв. Уртаас урт дараалал, уурлаж бухимдсан аав, ээжүүд, гэртээ харья гэж уйлалдах хүүхдүүд. Энэ бол Эх нялхсын өдөр тутмын дүр зураг. Коронавирусийн халдварын улмаас тус эмнэлгийн ачаалал өмнөхөөсөө эрс ихэсжээ. Ялангуяа Омикрон хувилбараар хүүхэд өвчилбөл хүндрэх эрсдэлтэй байгааг эмч, мэргэжилтнүүд сануулж буй. Мэдээж хэн ч хүүхдэдээ халдвар өгье гэж бодохгүй. Гэвч бяцхан үрсээ халдвараас хамгаалахын тулд бидний хийж чадах хамгийн энгийн зүйл бол коронавирусийн эсрэг вакцины бүүстер тунгаа хийлгэх юм.

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө