Вирусийн мутацлагдсан хувилбаруудыг дотооддоо илрүүлэх боломжтой боллоо

Вирусийн мутацлагдсан хувилбаруудыг дотооддоо илрүүлэх боломжтой боллоо

Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусийн геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө.

Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусын шинэ хувилбаруудыг илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна.

Манай улсад корона вирусын дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт дөрвөн сая гаруй шинжилгээ хийгээд буй. Халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын эх уурхайг олох, тархалтыг таслан зогсоохын тулд молекул эпидемиологийн нотолгоо гаргах, вирусын генийн дарааллыг тогтоох шинжилгээний арга зайлшгүй хэрэгтэй байсныг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд хэлж байлаа.