ВИДЕО: Эцэг, эхчүүд “интернет”-ээс буруу мэдээлэл авч, хүүхдэдээ янз бүрийн эмчилгээ хийснээр томууг хүндрүүлэх болжээ

ВИДЕО: Эцэг, эхчүүд “интернет”-ээс буруу мэдээлэл авч, хүүхдэдээ янз бүрийн эмчилгээ хийснээр томууг хүндрүүлэх болжээ

Сүүлийн үед бага насны хүүхдүүд дунд томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор дүүргийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, коридорт хэвтэн эмчлүүлж буй иргэд их байгаа талаар цахим сүлжээнд нийтлэх болсон. Тэгвэл бид хамгийн ачаалалтай гэгдэх Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон Хан-Уул дүүрэг дэх Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд бид өчигдөр /2022.03.17/ очиж, нөхцөл байдал хэрхэн байгаа талаар тодруулан ажиллалаа.

ВИДЕО:

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дүүргийн эмнэлгүүдэд томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулах, мөн ахмадын тусламж үйлчилгээ үзүүлдэг болоод Ковидын тусламж үйлчилгээ үзүүлдэг тасгийг томуу, томуу төст өвчлөлд хүч нэмэгдүүлэн ажиллуулахаар болсон гэж мэдэгдээд байсан.

Гэсэн хэдий ч энэ хангалтгүйн улмаас эмч ажилчид өөрсдийн өрөөг суллаж ор дэлгэн өвчтөнд зориулан ашиглаж эхэлсэн бөгөөд өөрсдөө суух ч өрөөгүй болсон талаар ярилаа. 

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нэг өрөөнд 4 иргэн хэвтэн эмчлүүлэх ёстой ч ачааллын улмаас 3-4 ор нэмэлтээр байршуулж байгаа. Нэг шөнийн дотор 180-200 хүүхэд ирж үзүүлснээс 40 хувь нь шууд хэвтэх шаардлагатай болж байгаа юм.

Харин Хан-Уул дүүрэг дэх Эх нярайн үндэсний төвд биеийн байдал хүндэрч ирсэн хүүхдийг  харьяаллын бус байсан ч хүлээн авч үйлчилж байгаа аж.

Эцэг эхчүүдийн хувьд цахим сүлжээнээс буруу ташаа мэдээлэл авснаас үүдэж, хүүхдэдээ төрөл бүрийн эмчийн зааваргүй арга хэрэглэж, эм өгснөөр өвчнийг улам хүндрүүлж байна гэв. Иймд эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах хэрэгтэйг ч албаныхан дурдлаа. Иймд эцэг эхчүүд болон асран хамгаалагч нар улирлын чанартай томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж эмч нарын зөвлөмжийг дагахыг анхааруулж байна.