Хүүхэд цохиж, алгадсан Архангайн цэцэрлэгийн багшид "500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОХ" ял оноожээ

Хүүхэд цохиж, алгадсан Архангайн цэцэрлэгийн багшид "500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОХ" ял оноожээ

Өнгөрсөн долоо хоногт бага ангийн сурагчаа цохиж буй багшийн бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон нийтийн уур бухимдлыг багагүй төрүүлсэн билээ. Нөгөө талаар “ажлын ачаалал их, цалин бага, стресстэй орчинд ажилладаг тул аргагүй дээ” гэж өмөөрөх, “биднийг бага байхад үүнээс илүү цохиж, зоддог байсан шүү дээ” гэж зөвтгөх хэсэг ч байв.  Гэвч энэ мэт үйлдэлд ч мөн хуулийн хариуцлага хүлээлгэдэг.

-ШҮҮГДЭГЧ А-Г ХҮҮХДИЙГ АЛИВАА ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЭХҮЙН ТӨЛӨӨ УДАА ДАРАА ХЭРЦГИЙ ХАРЬЦСАН ГЭМТ ХЭРЭГТ БУРУУТАЙД ТООЦЖЭЭ-

Тодруулбал, уг явдлаас өмнө буюу өнгөрсөн 12 дугаар сард  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цэцэрлэгийн багш мөн л хүүхдүүдийг зодож, ёс бус харьцаж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олныг эмзэглүүлсэн. Тухайн үед Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж “Архангайн цэцэрлэгт хүүхэд хүчирхийлсэн багш нь хуурамч дипломтой байсан нь нотлогдсон. Мөн цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой байсан. Яам хуралдаад цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан, дотуур байрны ажилтнуудын дипломыг шалгах ёстой гэж үзсэн” гэж мэдэгдэж байсан ч уг асуудал тэгсгээд намжсан. Тэгвэл хүүхдүүдтэй ёс бус харьцсан багшид холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард болжээ.

Тодруулбал, Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч багш болох А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан багш, сурган хүмүүжүүлэгч хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун нэгжтэй/500 мянган төгрөг/тэнцэх төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. 

Шүүгдэгч ч мөн “Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх хэргийг үйлдсэндээ маш их харамсаж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” хэмээн мэдүүлжээ.