ХӨШИГНИЙ АРД: “Давхар дээл”-тэй болж, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох ҮХ-ийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцье гэж намууд тохирчээ

ХӨШИГНИЙ АРД: “Давхар дээл”-тэй болж, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох ҮХ-ийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцье гэж намууд тохирчээ

Намар, хаврын чуулган дамнан яригдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тэр дундаа “давхар дээл”-тэй холбоотой асуудлыг хаврын чуулгандаа багтаан шийдвэрлэнэ. 

Ингэхдээ ирэх дөрөвдүгээр сараас ажлыг эхлүүлж, хэлэлцүүлэх, батлах үйл явцаа 5, 6 дугаар сард хийх төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-д суудалтай намууд буюу МАН, АН, Хөдөлмөрийн үндэснийн нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахад санал нэгдсэн байна.

Ингэж Үндсэн хуулийн өөрчлөлтөө батлах ч хэрэгжүүлж эхлэх хугацааг нь 2024 он гэж ярьж буй билээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан даруйгаас дагаж, мөрдвөл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч мэдэх учраас зарим эрсдэлийг тооцсон бөгөөд  гуравхан жилийн өмнө МАН, АН-гүй “давхар дээл”-ийг эсэргүүцэж дуу нэгтэйгээр өөрчилсөн. Гэтэл шүлс нь ч хатаж амжаагүй байтал “давхар дээл”-гүй бол бүтэхгүй нь гэх агуулга ярьж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэж буй нь мэдээж олны шүүмжлэлтэй тулгарахад хүргэнэ. Гэхдээ өөрчлөгдөж болох хувилбар.

-“ДАВХАР ДЭЭЛ”-ИЙН АСУУДЛЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭС ТАТАЖ, АН-ЫНХНААР УИХ-Д ӨРГӨН БАРИУЛНА ГЭЖ МАН-ЫНХАН ИДЭВХ ГАРГАХААР БОЛЖЭЭ-

Г.Баясгалан, Ш.Солонго тэргүүтэй Цэцийн гишүүдийн хувьд “давхар дээл”-ийг дэмжсэн агуулгыг Үндсэн хуульд оруулахыг дэмжихгүй байгаа гэх бөгөөд хугацаа нь болоогүй байхад ойр, ойрхон эцэг хуулиа өөрчилж болохгүй гэсэн байр, суурийг илэрхийлсэн гэдэг. Тиймээс ч тус асуудал Үндсэн хуулийн цэц дээр “явалгүй” гацсан.  

Үүнээс болж  МАН-ын удирдлагууд “давхар дээл”-ийн асуудлыг Цэцээс холдуулж оронд нь “Журмын тухай хуульд өөрчлөлт оруулах” асуудлыг Д.Ганбат тэргүүтэй АН-ын бүлгийн  гишүүдээр УИХ-д өргөн бариулахаар тохирсон гэх мэдээлэл байсан. Тэгвэл энэ тохироо эргэж өргөн барих асуудал МАН-ынхан идэвхтэй ажиллахаар болсон аж.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа;

  • УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох буюу “давхар дээл”-ийг дэмжих. Одоогоор Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөн УИХ-ын гишүүн л Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй. Энэ нь Засгийн газар дахь парламентын хяналтыг сулруулах мөн бусад асуудалтай тулж буй учраас өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй. Ташрамд дурдахад, өөрчлөлтийг хийхдээ Засгийн газрын гишүүдийг 100 хувь эсвэл 50 хувь “давхар дээл”-тэй байх асуудлыг эцсийн байдлаар тохироогүй аж. Ямартай ч хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулна гэж тооцсон гэх.
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмж 108 болгох. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ онцолсон. Ингэж байж парламентын ардчилал бэхжинэ. Цөөн хүнд очих эрх мэдлийг сааруулж, бие биендээ тавих хяналт сайжирна гэж буй.
  • Сонгуулийн тогтолцоог өөрчлөх. "Холимог" тогтолцоотой жижиг тойрог болгох эсвэл өөр хувилбарт тохирох зэрэг асуудлыг голлон ярина.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Үндсэн хуулийг өөрчлөхдөө ном журмын дагуу холбогдох хуулийг өргөн барьж, шат дараатай хэлэлцүүл гэсэн байр, суурийг илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар тохирсон гэсэн үг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд д Цагаан сарын золголтын үеэр зарим хэвлэлийнхнийг хүлээн авч уулзахдаа “Парламентын засаглалыг үргэлж дэмжинэ. Гишүүдийн тоог нэмэгдүүлж байж парламентын хараа, хяналт сайжирна хэмээн үзэж” байгаа тухайгаа хэлсэн байдаг. 

 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө