“Кансат-2022” үндэсний V тэмцээний бүртгэл эхэллээ

“Кансат-2022” үндэсний V тэмцээний бүртгэл эхэллээ

Цар тахлын улмаас түр завсарлаад байсан “КАНСАТ” үндэсний V тэмцээн ирэх зургадугаар сард болох гэж байна. Сансрын технологийн мэдлэг, боловсролыг бодит төслөөр дамжуулан оюутан, залуучуудад таниулан, сурталчлах зорилготой тус тэмцээнд оролцох багийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Энэ жилийн “Кансат-2022” үндэсний V тэмцээн нь дараах хоёр ангиллаар явагдана:

  1. КАНСАТ: Оролцогч багууд лаазанд багтах хэмжээтэй төхөөрөмж зохион бүтээсэн байх ба жижиг цойлуурт хийн дээш хөөргөж шүхрээр буцан доош бууж ирэх хугацаандаа тодорхой даалгавар гүйцэтгэх.
  2. БУЦАГЧ: Оролцогч багууд өөрөө “нисэгч” эсвэл “явагч” зохион бүтээсэн байх ба хөөргөгч, цойлуураар дээш хөөрсөн төхөөрөмж газарт байрлах тодорхой солбицол дээр хамгийн богино хугацаанд дөхөж очих ёстой.

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ зэрэг байгууллагуудтай ажиллаж байна.

“КАНСАТ- 2022” тэмцээнд хамгийн ихдээ хоёр ангилал тус бүрд 15 баг буюу нийт 30 баг оролцох ба түүнээс дээш багууд бүртгүүлсэн тохиолдолд дараах шалгуур үзүүлэлтүүдээр эхний 15 багуудыг тус тус сонгоно.

  • Шалгуур үзүүлэлт 1. Удирдамж, зааврын дагуу хугацаандаа бүртгүүлж материалаа ирүүлсэн  байх
  • Шалгуур үзүүлэлт 2. Багийн танилцуулга, ярилцлага

Тэмцээний үе шатууд, оноо цуглуулах зарчим

КАНСАТ тэмцээнд оролцогчид нь ямар ангиллаар өрсөлдөж байгаагаас үл хамааран дараах хоёр үе шаттайгаар шүүгчдээс оноо цуглуулна. Үүнд:

А. Хөгжүүлэлтийн үе (нийт 40 оноо)

Оролцогч багууд нь хөгжүүлэлтийн явцад чиглүүлэх сургалтад хамрагдсан байх ба дараах хэлэлцүүлгүүдэд оролцож, хөгжүүлэлтийн явцыг үнэлүүлж шүүгчдээс тодорхой оноо цуглуулсан байна.

Хөгжүүлэлтийн үе шатуудыг дүгнэх хэлэлцүүлгүүд:

  • Даалгавар Тодорхойлох, Урьдчилсан загварын Хэлэлцүүлэг –  15 оноо
  • Шийдвэрлэх Загварын Хэлэлцүүлэг – 15 оноо
  • Нисэх Бэлэн Байдлын Хэлэлцүүлэг – 10 оноо

Б. Хөөргөлт, гүйцэтгэл (нийт 60 оноо)

Тэмцээн болох өдөр багууд өөрсдийн хийсэн төхөөрөмжөө хөөргөн, зорилтот даалгавраа биелүүлэхийн төлөө өрсөлдөнө. Оролцогч багуудын тухайн өдрийн амжилт, туршилтын үр дүнг тэмцээний шүүгчид дүгнэн гаргаж өмнөх хөгжүүлэлтийн үеэс авсан оноог нэмж тэмцээний ялагчийг тодруулна.

Зургаа. Хугацаа, байршил

  • Багийн мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа – 2022.03.25-30
  • Тэмцээн болох газар – Цонжинболдог
  • Тэмцээн, хөөргөх өдөр – 2022.06.11
  • Шагнал гардуулах – 2022.06.17

Оролцогч багт тавигдах шаардлага

  1. Тэмцээнд мэдүүлгээ өгч, чиглүүлэх сургалтад хамрагдсан байх.
  2. Багийн гишүүд нь удирдагч болон 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Багийн удирдагч нь заавал насанд хүрсэн хүн байх.
  3. Нэг оролцогч нэгээс илүү багт харьяалагдахгүй байх.
  4. Багууд нь тэмцээнд оролцох мэдүүлгийг загварын дагуу бөглөж 2022 оны 03 дугаар сарын 30-ны 23:59 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ.
  5. Багууд өөрийн гэсэн оноосон нэртэй байна.
  6. Багууд тэмцээний дараа орчны цэвэр байдлыг хариуцна.

“КАНСАТ” тэмцээн нь манай улсад анх 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатайгаар зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 2016 онд Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран олон улсын уралдаан болгон өргөтгөн зохион байгуулж байсан юм. Тэмцээнд оролцогчид нь хиймэл дагуулын технологи дэд системүүдийн үүрэг зориулалтын тухай мэдэж авахын зэрэгцээ, өөрсдийн зохиож буй системийн даалгавраа хэрхэн тодорхойлж бичихээс эхлэн загвар гаргах, турших, угсрах, хөөргөн ажиллуулах,  мэдээлэл боловсруулах, түүн дээр үндэслэн дүгнэлт хийх зэрэг төслийн амьдралын мөчлөгийн бүхий л үйл явцыг өөрсдөө оролцон хийдэг давуу талтай.