Г.Ундармаагийн бүтээсэн "Яаралтай тусламжийн тасгийнхан" гэх кинонд дургүйцэж ЭМЯ мэдэгдэл гаргажээ

Г.Ундармаагийн бүтээсэн "Яаралтай тусламжийн тасгийнхан" гэх кинонд дургүйцэж ЭМЯ мэдэгдэл гаргажээ

Өнгөрсөн гуравдугаар сараас “Mongol HD” сувгаар гарч эхэлсэн “U Film”, “Nomadia pictures”-ийн хамтарсан бүтээл болох "Яаралтай тусламжийн тасгийнхан" гэх кино үзэгчдийн хүртээл болоод байсан билээ.

Тэгвэл тус кинонд ЭМЯ-ны Нүүр ам судлалын салбарынханы ажлыг олон нийтэд буруу ойлголт төрүүлэхээр үзүүлсэн тул тус салбарт харьяалагдах эмч, мэргэжилтнүүд эмзэглэж байгаагаа илэрхийлэн мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд, “ Ю фильм ба Номадиа фикчэрсын уран бүтээлчид хамтран бүтээж Монгол телевизээр цацаж буй “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙНХАН” олон ангит уран сайхны кинон дээр Нүүр Ам Судлалын салбарын хамт олны өнөөг хүртэл хөгжиж ирсэн ололт амжилтыг үгүйсгэсэн, олон нийтэд тус салбарын талаар буруу ташаа ойлголт төрүүлэхээр зүйлс гарч байгаад Нүүр ам судлалын салбарт харьяалагдах мянга мянга эмч мэргэжилтнүүд эмзэглэж байгааг илэрхийлж энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.

Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 гаран жилийн хугацаанд Монгол улсын Нүүр Ам Судлалын салбарын хөгжил дэвшил өндөр түвшинд хүрсэн бөгөөд эмчилгээ үйлчилгээний нэр төрөл, чанараар Азийн болон дэлхийн хөгжингүй орнуудтай эн зэрэгцэхүйц түвшинд хүрсэн гэдгийг тус киног бүтээж буй уран бүтээлчид тунгаан бодож манай салбарын тухай ямар нэгэн уран бүтээл туурвихдаа салбарын хамт олноос мэдээ мэдээлэл авч бодит байдлыг үнэн зөвөөр дүрслэн харуулж хүндэтгэлтэй хандахыг хичээнгүйлэн хүсье” гэжээ.