Л.Энх-Амгалан: Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд хувьсах зардлыг олгодог болох асуудлыг судалж, тооцоолол хийсэн

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд хувьсах зардлыг олгодог болох асуудлыг судалж, тооцоолол хийсэн

УИХ-ын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны Үргэлжлүүлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдэл” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийв.

Энэ үеэр тэрбээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох зорилгоор ойрын хугацааны 10 шийдлийг боловсруулснаа танилцууллаа.

Тэрбээр, “Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай. Нийслэлд жилд дунджаар 60-70 мянган хүн шилжин ирдэг гэж тооцвол улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх боломжгүй.

Иймээс цэцэрлэгийн барилгыг улс, нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр барихын зэрэгцээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэх, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, хувийн цэцэрлэгүүдийн сул орон зайд хүүхэд хүлээн авах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Ингэхдээ хүүхдийн тоогоор хувьсан зардал болон хоолны зардлыг олгохоор тооцсон. Алслагдсан гэр хороололд “Өргөө” цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх бөгөөд энэ онд хоёр цэцэрлэг барихаар төсөвт суулгасан байгаа” гэв.

Мөн ачаалал өндөртэй 57 цэцэрлэгийн 8 нь орон сууцны 26 шинэ хорооллын дунд байршилтай байгаа учраас орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, өөрийн газар дээр цэцэрлэг барьсан тохиолдолд төрөөс дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх талаар арга хэмжээ авна гэдгийг хэлсэн юм.

Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээг шинэ шатанд гаргахад анхаарч 2-3 насны хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна. Ингэснээр ачаалал өндөртэй 57 байршилд 5,000 гаруй хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн судалгааг хийсэн. Салбарын яамнаас гурав хүртэлх настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.

Сургуулийн өмнөх боловсролыг хүртээмжийг нэмэгдүүлэхэд хоёр настай хүүхэд бүрт хувьсан зардлыг шийдвэрлэх шаардлагатай.

Одоогийн тогтолцоогоор сугалаагаар цэцэрлэгт орсон хүүхдэд л хувьсан зардлыг олгож байгаа. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд хувьсах зардлыг олгодог болох асуудлыг судалж, тооцооллыг хийсэн гэдгийг онцоллоо.

Гишүүдээс цаашид төрийн бус өмчийн цэцэрлэгийг дэмжих бодлого баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах, тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд болон түрээсийн байранд ажиллаж буй цэцэрлэгийн асуудлыг цэгцлэхийн чухлыг тодотгож байв.

Мөн цэцэрлэгт хүүхдээ өгч чадаагүйгээс ажил, орлогогүй гэртээ сууж буй эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэх, цэцэрлэг барих газар болон дэд бүтцийн асуудлыг шийдэх, цэцэрлэгийн барилгыг нэгдсэн стандарттай болгох шаардлагатай байгааг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.




Өнөөдөр гахай өдөр

39 минутын өмнө