Энэ онд нийслэлд 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байна

Энэ онд нийслэлд 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байна

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд хийсэн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хамран сургах тойргийн асуудлыг  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

2021 оны байдлаар нийслэлд 6-17 насны 353.308 хүүхэд байна. 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 129, нийт 281 сургуульд 340.069 хүүхэд суралцаж буй. Сүүлийн таван жилийн хугацаанд ерөнхий боловсролын 40 сургууль, 100 мянган сурагч нэмэгджээ. Тойргийн бус буюу гэрээсээ хол зайтай сургуульд 131.739 сурагч буюу 38.7 хувь нь суралцаж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд сургуульгүй 50 хороо байгаа бөгөөд эдгээр хороонд сургуулийн насны 77.581 хүүхэд амьдарч байна. Үүний хамгийн олон буюу 18 хороо нь Сонгинохайрхан дүүргийн хороод байгаа юм.

Энэ жил улс, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлд 51 сургууль, 92 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нийт 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байна.

Тус хурлаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны эрсдэлийн үнэлгээг бууруулах, шинээр барьж буй хороолол, хотхон дунд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг төлөвлөх, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг үүрэг болголоо.