ВИДЕО: Хилийн заставт ирсэн Хавтгайн ботго хариуцсан цэргээ дагаад салахгүй байгаа ажээ

ВИДЕО: Хилийн заставт ирсэн Хавтгайн ботго хариуцсан цэргээ дагаад салахгүй байгаа ажээ

Эхээсээ төөрсөн хавтгайн нялх ботго хилийн манаанд зогсож байсан цэргийг бараадан иржээ. Ботгоны эхийг хайсан ч олдоогүй учир түүнийг чонын хоол болгохгүйн тулд Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0166 дугаар ангийнхан байрандаа авчирч угжиж эхэлсэн юм. 

Тус анги  Говийн их дархан цаазат газрын А хэсгийг хамгаалдаг. Тийм ч учраас Улаан номонд орсон нэн ховор амьтан болох Хавтгайн ботгыг гаршуулж, тэмээтэй ижилсүүлэхгүйгээр тэжээн тэнхрүүлж, байгальд нь тавихаар ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ удаа “Цэрэг ээж"-тэй хавтгайн ботгыг тэнхэрч байгаа эсэх, хэзээ байгальд нь тавихаар төлөвлөж байгаа талаар Хилийн цэргийн 0166 дугаар ангийн Захирагчийн орлогч Сэтгэл зүйн хангалтын дарга Дэд хурандаа Н.Гансүхтэй холбогдож ярилцлаа.

ВИДЕО: 

-БОТГОО ИНГЭНИЙ СҮҮГЭЭР ХООЛЛОХОД МАШ ХУРДАН ТЭНХЭРЧ, ЦОВОО СЭРГЭЛЭН БОЛСОН-

-Сайн байна уу. Хавтгайн ботгондоо нэр өгсөн үү?

-Цэрэг ээжтэй Овоотын хавтгайн ботго гэж нэрлэсэн байгаа.  

-Яагаад “Овоотын ботго” гэж нэрлэх болсон бэ?

-Манай анги бол Овоотын цэнхэр хязгаар буюу Хилийн цэргийн 0166-р анги. Ангийнхаа нэрээс санаа авч байгаад  “Овоотын ботго” гэж нэрлэхээр болсон.

-Ботгоо юугаар хооллож байгаа вэ? Өдөрт хэдэн удаа хооллож байна?

-Ингэний сүү саагаад өдөртөө дөрвөөс, таван удаа угжиж байгаа. Нэг удаа угжихдаа 700 граммаас нэг литр сүүгээр угждаг.

-Хавтгайн ботго анх ирэхдээ тамир тэнхээгүй байсан шүү дээ. Одоо тэнхэрсэн үү?

-Нэлээн тамир тэнхээтэй болж, цэргүүдтэй тоглоод их л хөөрхөн байгаа. Бид анх дэлгүүрийн сүүгээр угжиж байсан. Ингэж хооллохоор тамир ордоггүй юм байна лээ. Ингэний сүүгээр хооллоход маш хурдан цовоо сэргэлэн болсон. Байгалийн зэрлэг амьтан ч гэсэн эхийн сүү гэдэг юугаар ч орлуулшгүй хэрэгтэй байдгийг бид сайн ойлгож авлаа.

-ТЭМЭЭНИЙ БОТГОНУУДТАЙ ХАМТ БАЙЛГАХ ГЭХЭЭР ӨӨРӨӨ ЦЭРЭГ “ЭЭЖ”-ИЙГЭЭ ДАГААД ГҮЙГЭЭД БАЙГАА-

-Анх ботгоо цэргийн ангид гэр бариад байршуулж байсан. Одоо ч хэвээрээ байгаа юу.  

-Эхэндээ цэргийн анги дээр гэртээ байлгаж байсан. Гэвч орчиндоо сайн дасахгүй, хоол нь таарахгүй байсан учраас хилийн застав руу явуулсан. Тус застав нь “Ингэн сэвстэйн застав” гэдэг нэртэй, тэмээ ботго олонтой.

-Хавтгайн ботгыг тэмээнүүдтэй хамт байлгаж байгаа хэрэг үү?

-Хавтгайн ботго ингэтэй ойртох үед өөрийн ботгоо харамлаад дэвсэх гээд байдаг гэсэн. Тийм учраас ингэнүүдтэй ойртуулахгүй байгаа. Ботгонуудтай байлгах гэхээр өөрөө хамт байхгүй “цэрэг ээж”-ийгээ дагаж гүйгээд байгаа юм.

-Хавтгайн ботго маань цэрэг “ээж”-тэй болсон тухай манай уншигчид мэдэж авсан. Ботгоны ээж гэгддэг цэргийг танилцуулаач?

-Хариуцаж авсан цэрэг нь Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б.Баттулга гэдэг хугацаат цэргийн алба хаагч байгаа.

-Ботгоо хэзээ байгальд нь тавих гэж байгаа вэ?

-Хээрээр бэлчиж, хооллож чаддаг болохоор нь байгальд нь тавихаар төлөвлөж байна. Бас чоно, нохой зэрэг араатан амьтдаас өөрийгөө хамгаалж чадахаар том болгоно.

-Цэргүүдэд нэлээд дассан харагдаж байсан. Байгальд нь тавих бэлтгэл ч гэдэг юм уу, хээр идээшлүүлж сургаж байгаа юу?

-Мэдээж зүгээр заставаас шууд аваачаад тавихгүй. Эхлээд явуулж сургаж байгаад байгальд тавиад ажиглана.

-Танай анги “Хил хамгаалах”-аас гадна дархан цаазат газар хамгаалдаг гэж сонссон аль хэсгийг хамгаалдаг вэ?

-Манай анги 89 жилийн түүхтэй, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт хилийн 0166 дугаар анги Овоотын отряд. Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ , Баянхонгор аймгийн Баян-Өндөр,Шинэжинст , Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сум  гэсэн гурван аймгийн зургаан сумын нутаг дэвсгэрийг хариуцан хамгаалдаг. Манай хамгаалдаг газруудыг “Говийн их дархан цаазат газрын А бүс” гэдэг юм. 

-Тус дархан цаазат бүсэд ямар, ямар ховор амьтад байдаг вэ ?

-Хавтгай, Мазаалай, Хулан, Зээр , Аргал , Янгир зэрэг Дэлхийд нэн ховордсон Улаан номонд бичигдсэн амьтад байдаг. Хавтгай тэмээний хувьд бол хүнтэй тааралдах нь маш бага. Хүн, машины чимээнээр дайждаг амьтан.

-Тэгэхээр Овоотын хавтгайн ботгоо байгальд тавихдаа өөрсдийн хамгаалдаг бүс нутагтаа тавина гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Говийн их дархан цаазат газрын захиргаа гэж байдаг. Яг энэ хавтгай, Мазаалай зэргийг хамгаалдаг. Бид тэр байгууллагатай нь хамтраад байгальд нь тавих үйл ажиллагааг явуулна.

-Ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа.

"Цэрэг ээж" гэгдэж буй н.Баттулга