ДЭМБ: Дэлхий нийт ковид, дайн, сармагчны цэцэг зэрэг аймшигт сорилтуудтай тулгарлаа

ДЭМБ: Дэлхий нийт ковид, дайн, сармагчны цэцэг зэрэг аймшигт сорилтуудтай тулгарлаа

Олон улсад бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчлөлийн тухай‍️ ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс Женевт үг хэлжээ.

Тэрбээр ДЭМБ-ын ассамблейн нээлтийн үеэр “Мэдээж ковид бол манай дэлхий дээрх цорын ганц “хямрал” биш юм. Бид БНАСАУ-д дэгдсэн Эбола, мөн сармагчны цэцэг, Афганистан, Этиоп, Сомали, Өмнөд Судан, Арабын Бүгд Найрамдах Сири, Украин, Йемен зэрэг улсад бүртгэгдсэн шалтгаан тодорхойгүй элэгний халдварын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдал, ган гачиг, өлсгөлөн, дайн, ковид, сармагчны цэцэг зэрэг аймшигт сорилтуудтай тулгарлаа” гэжээ.

Түүний хэлснээр өнөөдрийн байдлаар сармагчны цэцэг өвчин Африк тивээс гадна дэлхийн 15 улсад бүртгэгдсэн байна. Тухайлбал, АНУ, Канад, Австрали, Израильд тус өвчний 80 гаруй тохиолдол батлагджээ.

ДЭМБ-ын шинжээчид сармагчны цэцэг өвчнийг эрсдэл бага гэж үзэж байна. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны мэдээлснээр вирусийн халдвар авсан ихэнх хүн хэдхэн долоо хоногийн дотор эдгэрдэг аж.

Гэвч халдвар бүртгэгдсэн орнууд шуурхай арга хэмжээ авч байна. Их Британийн эрүүл мэндийн албаныхан халдварын тохиолдол бүртгэгдсэн даруйд шинэ зөвлөмж гаргаж, өндөр эрсдэлтэй хавьтагчдыг гурван долоо хоногийн турш тусгаарлах шийдвэр гаргажээ. Мөн Бельги улс халдвар авсан хүмүүсийг гурван долоо хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон анхны улс болов.

Харин ДЭМБ халдвар бүртгэгдсэн улс орнуудад зорчих, худалдаа хийх хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийх шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

Сармагчны цэцэг өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар вирусээр бохирлогдсон эд зүйлсээр халдвар тархах эрсдэлтэй. Гарын ариун цэврийг сайтар сахиж савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх, вирус тээж болзошгүй зэрлэг ан амьтны мах идэх, харьцахаас зайлсхийхийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд зөвлөжээ. Өвчний шинж тэмдэг нь идээт болон цэврүүт тууралттай байна.

Эх сурвалж: ВВС




Өнөөдөр бич өдөр

8 минутын өмнө