Л.Энх-Амгалан: Нийслэлийн хоёр болон гурван настай нийт хүүхдийн 80-90 хувийг цэцэрлэгт хамруулна

Л.Энх-Амгалан: Нийслэлийн хоёр болон гурван настай нийт хүүхдийн 80-90 хувийг цэцэрлэгт хамруулна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталсан байна. Тогтоолын хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллах талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Хамран сургах тойргийг шинээр төлөвлөнө. Өмнө нь тухайн тойрогт байгаа төрийн өмчит цэцэрлэгийн тоогоор буруу төлөвлөдөг байсан. БЗД-ийн 17 дугаар хороонд цэцэрлэгийн насны 2,900 хүүхэд байхад ганцхан цэцэрлэг байна. Шинээр хамран сургах тойрогт байгаа төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн багтаамжийг төлөвлөнө.

Төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг авдаггүй. 30-40 хувьд нь дандаа өөр хамран сургах тойргийн хүүхдийг авдаг. Эхний ээлжид тухайн цэцэрлэгийн 70-80 хувьд нь хамран сургах тойргийн хүүхдүүдээ авах зохицуулалтыг хийх шийдвэр гарлаа.

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх насны 141 мянган хүүхэд байгаагаас 106 мянган хүүхдийг төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгт хамруулах боломжтой, 34 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэх эрсдэлтэй байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлд цэцэрлэггүй үлдэх эрсдэлтэй 34 мянган хүүхдийг цэцэрлэгт нэмж хамруулах боломжийг бүрдүүлэх, нийслэлд амьдарч буй хоёр болон гурван настай нийт хүүхдийн 80-90 хувийг цэцэрлэгт хамруулахаар тооцож байна" гэв.