“Номиогийн адал явдал”-ын үргэлжлэл болох “Жинхэнэ баатрууд” комик ном бяцхан уншигчдын гар дээр очлоо

 “Номиогийн адал явдал”-ын үргэлжлэл болох “Жинхэнэ баатрууд” комик ном бяцхан уншигчдын гар дээр очлоо

Тэргэнцэртэй охины адал явдлаар дамжуулан хүүхэд бүр тэгш эрхтэй гэдгийг ойлгуулах “Номиогийн адал явдал” комик ном өнгөрсөн онд гарсан билээ.

Тэгвэл тус номын үргэлжлэл болох “Жинхэнэ баатрууд” комик Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярыг тохиолдуулан  бяцхан уншигчид, эцэг, эхчүүдийн гар дээр очиж  байна. Номын гол дүр нь мөн тэргэнцэртэй хүүхэд байх бөгөөд түүнд тохиолдох адал явдлуудаар дамжуулан хүүхэд, эцэг эхчүүдэд хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголтыг өгөх юм.

Азийн Сан Олон Улсын байгууллага эцэг эхчүүдийн хүүхдэдээ ном уншиж өгөх дадал зуршлыг дэмжих зорилгоор Ази номхон далайн орнуудын хүүхдүүдэд зориулсан “Let’s Read” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэгвэл “Let’s Read”-д “Жинхэнэ баатрууд” комик ном мөн тавигдах аж. Өнгөрсөн жил гарсан “Номиогийн адал явдал” комик номыг ч тус вебсайт, аппликейшнээсунших боломжтой.

“Номиогийн адал явдал”, “Жинхэнэ баатрууд” номуудаас хүүхдүүд зөвхөн хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголттой болохоос гадна ном унших зөв дадалтай болж, эцэг эхчүүд ч хүүхдээ сургах арга барилаас суралцах юм.

“Тэргэнцэртэй сахиусан тэнгэр” төслийн санаачлагч, номын зохиогч Б.Отгонтуяа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гол баатар нь болсон ном бусад оронд маш түгээмэл байдаг. Мөн гадаадын орнуудад уран зохиолын номоор дамжуулан хүүхдэд хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгдөг тогтсон жишиг бий. Харин Монголд ийм орон зай үгүйлэгдэж байгааг олж харсны үндсэн дээр миний бие энэхүү номыг олон жилийн өмнөөс бичиж эхэлсэн. Өнгөрсөн жил ковидын үе байсан учир бид "Номиогийн адал явдал" номоо цахим орчин, “youtube”-ээр дамжуулан танилцуулж байлаа.

Мөн номын гол агуулгаар зургийн уралдаан зохион байгуулахаас гадна хотын захын хорооллын цэцэрлэг, сургуулиуд, ТББ-уудад номоо хэвлэмэлээр хүргэж байлаа. Одоо “Жинхэнэ баатрууд” ном маань цахим орчноос гадна “Lets Read” веб хуудас, аппликейшнд тавигдаж байна. “Lets Read” веб хуудаст тавигдсан номыг хүүхдүүд өөрийн орны болон англи хэлээр унших боложтой. Цаашид хүүхэд, эцэг эхчүүдэд зориулж хэвлэмэл байдлаар худалдаанд хүргэхээр төлөвлөж байгаа.  Аппликейшнээс номыг хэвлэмэл байдлаар татахаас гадна интернетгүй үед хадгалж аваад унших боломжтой гэдгээрээ маш давуу талтай" гэсэн юм.

“Жинхэнэ баатрууд” номын танилцах өдөрлөг тавдугаар сарын 29-ний өдөр  Улиастайд байрлах Ид шидийн орон төв дээр зохион байгуулагджээ. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах ТББ-уудын гишүүд, тус төвөөр үйлчлүүлэх дуртай нийт 100 гаруй хүүхэд, багачууд ирж номын гол агуулгыг бататган уншицгааж, номын баатраа өөрсдийнхөөрөө дүрслэж зурж, чөлөөт ярилцлага хийсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй хүүхдүүд хамтдаа ном уншин цагаа өнгөрөөснөөр хоорондоо найзалж, нөхөрлөх боломж олдлоо хэмээн тус төвийнхөн маш баяртай байлаа.

Номын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл номын зохиогч Б.Отгонтуяатай 99741916 утсаар яриарай. Мөн тус номын дэлгэрэнгүй мэдээлллийг https://www.facebook.com/nomiogiinadalyavdal/ хуудаснаас авах боломжтой