Хөгжлийн хоцрогдлыг нөхөх ”A READ” төслийн номын нээлт боллоо

Хөгжлийн хоцрогдлыг нөхөх ”A READ” төслийн номын нээлт боллоо

Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчид хамтран Монголд аутизмтай хүүхдүүдэд зориулсан бичиг үсэг, хэл яриа, нийгэм харилцааны чадавхыг сайжруулахаар зургаар дүрсжүүлэн хялбаршуулсан дижитал болон хэвлэмэл номуудыг бүтээх төслийг хэрэгжүүллээ.

“Хөгжлийн хоцрогдлыг нөхөхөд туслах дүрсжүүлсэн багц номууд”-ын нээлт өчигдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр “Аз хур” номын дэлгүүрт болж өнгөрсөн. Номын нээлтэд Монгол дахь Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин оролцож үг хэлсэн юм.

Тэрбээр “Австралийн элчин сайдын яам боловсролын тэгш байдлыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулдаг. Багц номоор дамжуулан төсөлд хамрагдаж байгаа хүүхдүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлж, чадавхжуулж, тэдэнд тэгш боломж олгосноор тэдний ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулна хэмээн итгэж байгаа. “A READ” төслийн ач холбогдол үүнд оршиж байна” гэв. Мөн төсөлтэй хамтран ажиллаж байгаа Монголын боловсролын сангийн удирдах зөвлөлийн дарга, Зориг Сангийн Америк талын захирал Уолтер Женкинс, Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академийн үүсгэн байгуулагч доктор Б.Солонго нар үг хэлсэн юм.  

Номын нээлтийн үеэр  Нийслэлийн тусгай боловсролын 70-р сургууль, 50-р сургууль болон 63-р сургуулийн төлөөллүүд, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн холбоо, Тэнгэрлэг ээжүүдийн холбоо зэрэг байгууллагууд хүрэлцэн ирж номын дээжийг хүлээлгэн өглөө.

Төслийн үйл ажиллагааг дэмжигч Зориг сангаас гадна “Зэвтроник”, “АПУ”, “Мөнхийн үсэг” зэрэг компаниудаас төлөөлөгчид оролцож хүүхдүүдийн хамт зураг зуран, ном уншиж бүтээлч байдлаар хамтдаа нэг өдрийг хөгжилдөж өнгөрүүллээ.

“A READ” төсөлд сонгогдон хамрагдаж буй хүүхдүүдийн эцэг эхүүдэд уг багц номыг хэрхэн ашиглаж, хүүхдүүдтэйгээ хамтран унших талаар видео зааварчилгааг хүргэсэн. Төслийн хүрээнд дүрсжүүлсэн багц номуудыг дижитал хэлбэрээр Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академийн вэб сайтаар, мөн хэвлэмэл байдлаар сонгогдсон хүүхдүүдэд үнэгүй түгээгдэнэ.