“Халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй коронавирусийн хувилбар намар гарна гэж тооцоолж байна”

“Халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй коронавирусийн хувилбар намар гарна гэж тооцоолж байна”

Улсын Их Хурлын Түр хорооны /Ковид-19/ хуралдаан өчигдөр (2022.06.07) болов.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт, коронавирусийн тархалтын одоогийн нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас  хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийг Эрүүл мэндийн сайд мэдээлэв.

Дэлхий дээр өдөр бүр олон сая хүн халдвар авч, байгалийн жамаар вирус тасралтгүй мутацад орсоор байна. Мутацаас халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал бөгөөд дийлэнх эрдэмтэн ийм хувилбар намар гарна хэмээн тооцоолжээ. Иймд ирэх намраас 60 наснаас дээш хүн амаа КОВИД-19 халдварын эсрэг нэмэлт тунд хамруулах шийдвэрийг дэлхийн олон оронд гаргажээ.

Европын холбооноос гишүүн орнууддаа намрын давлагаанд зориулсан зөвлөмж хүргүүлсэн байна. Зөвлөмжид вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, тандалт өргөжүүлэх, цар тахлын дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулалтаа нэмэх, иргэдийг зөв мэдээллээр хангах, эмийн хангамж, нөөцийг нэмэх, шинэ эм, вакцины хөгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар тусгажээ.

Манай улс дараагийн давлагаанд бэлтгэн, хариу арга хэмжээ авч байгаа. Вакцины нэмэлт тунгийн судалгаа, вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, эмийн нөөц бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган чадавхаа улам сайжруулж байна гэлээ.

С.Энхболд сайд өнгөрсөн хоёр жилд оношилгоо, эмчилгээний удирдамжийг тухай бүр шинэчилсэн, тус удирдамжид цус шингэлэх эмчилгээг тусгаад явсан. Улсын гуравдугаар эмнэлэгт зүрх болон мэдрэлийн чиглэлээр лавлагаа, тусламж үзүүлэх үндэсний төв байгуулсан.

Цар тахал, өвчлөлтэй холбогдуулан судалгааны ажлууд гадаад, дотоодын байгууллагуудтай хийж байна. Ялангуяа вакцины гурав, дөрөв дэх тунгуудын судалгааг эрчимтэй хийж байна. Олон хүн цугларсан газарт амны хаалт зүүх зөвлөмжийг холбогдох газруудад тогтмол хүргүүлж байгаа гэв.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл 2020, 2021 онуудад 46 эх ковидын улмаас эндсэн. Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын 15.897 ажилтан ковидоор өвдсөн, энэ нь нийт өвчлөлийн 1.7 хувийг эзэлж байна гэв.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө