Мэс заслын алдаанаас болж тархиндаа хүнд гэмтэл авсан хүү таталт өгч гурван жил асаргаанд байгаа ч хэрэг нь шийдэгдээгүй гэв

Мэс заслын алдаанаас болж тархиндаа хүнд гэмтэл авсан хүү таталт өгч гурван жил асаргаанд байгаа ч хэрэг нь шийдэгдээгүй гэв

Баянхонгор аймгийн иргэн н.Мөнхтогоо, н.Мөнх-Эрдэнэ нар эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж олгойн хагалгаа хийлгэсэн хүүхэд маш хүнд байдалтай гурван жил болсон ч Баянхонгор аймгийн шүүх уг хүү болон гэрийнхэнд нь үйлчлээгүй тухай мэдээлэл хийлээ.

М.Эрхэмбаяр хүү 2019 орны таван сард Баянхонгор аймгийн мэс заслын тасагт олгойн хагалгаанд оржээ. Улмаар ухаан оролгүй 19 хоног болсон байна. Мэс заслын алдаанаас болж тархиндаа хүнд гэмтэл авсан нь тогтоогдоод байгаа аж.

-ТУС ХАГАЛГААНААС ХОЙШ ХҮҮ ТАТАЛТ ӨГЧ ТУРЖ, ДӨРВӨН МӨЧ НУГАС НУРУУНЫ ТАТАЛТТАЙ МАШ ХҮНД БАЙДАЛТАЙГААР ӨНӨӨДРИЙГ ХҮРЧЭЭ-

Тэрбээр хэлэхдээ, “Хагалгааны дараа хүү ухаан ороогүй тул эмчийн дүгнэлтээр сүрьеэ өвчтэй байж болзошгүй байна гэж үзсэн. Ингээд хүүхдийн нугаснаас ус авч шинжилгээ хийсэн. Уг шинжилгээг хоёр удаа авч гуравдах удаагаа авах гэж байхад нь бид эсэргүүцэж зогсоосон. Сүүлд нь мэдээгүйжүүлэлт нугасаар хийж, унтуулга судсаар хийснээр тархины эд эс гэмтсэн гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Энэ хариугаа бидэнд 4,5 хоног хэлээгүй. Хүүхэд чинь сүрьеэгийн халдвартай тухай л хэлж байсан. 11 хонгийн дараа бид хүүхдээ Улаанбаатарт хүргэсэн. М.Эрхэмбаяр хүү хагалгаанд орсноос хойш есөн сарын дараа 2020 оны хоёрдугаар сарын 6-ний өдрийн байдлаар таталт өгч турж, дөрвөн мөч нугас нурууны таталттай маш хүнд байдалтайгаар өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд ар гэр нь байнгын асаргаанд байх шаардлагатай учир оюутан хүүхэд нь сургуулиасаа гарч дүүгээ асрах болсон. Харин ээж болон гэр бүл нь ээлжээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

-НУГАСААР МЭДЭЭ АЛДУУЛАЛТ ХИЙЖ, ДАВХАР СУДСААР УНТУУЛГА ХИЙСЭН НЬ ХҮҮХДИЙН ТАРХИ ХҮНД ГЭМТЭХ ШАЛТГААН БОЛСОН” ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАСАН-

Энэ хагалгаанд олон эмчийн дүгнэлт гарсан. Үүнд “Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн н.Алтанзаяа эмч 12-ос доош насны хүүхэд ерөнхий унтуулга хийнэ гэсэн зөвлөмжтэй байхад, нугасаар мэдээ алдуулалт хийж, давхар судсаар унтуулга хийсэн нь хүүхдийн тархи хүнд гэмтэх шалтгаан болсон” гэсэн дүгнэлт гаргасан. Мөн Баянхонгор аймгийн МХГ-ын улсын байцаагч н.Хонгорзулын гаргасан дүгнэлтээр, “Хүүхдийг хагалгаанд ороход олгойн өвчлөл мөн эсэхийг батлаагүй. Уг асуудал дээр эмч нар маш том алдаа гаргасан” гэж дүгнэжээ. Тус хэргийн талаар хуулийн байгууллагад 2019 оны найман сарын 27-нд гомдол гаргасан байна. Улмаар хэрэг мөрдөх үйл ажиллагаа нээгдсэн. Хэрэгт Баянхонгор аймгийн прокурор н.Дэлгэрмээ хяналт тавин ажилласан. Ямар нэг хариу гарахгүй удсан учир бид Н.Дэлгэрмаа прокурортой уулзахаар очсон. Тэгтэл өөдөөс “ Та нар баярлаж байна уу. Хүүхэд тань эмч нарын ачаар бие нь сайн болсон байна шүү дээ. Та бүхэн баярлаж байгаа биз дээ” гэсэн тайлбар өгсөн.

- ХАРИН ШШҮХ-ГИЙН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ДЭЭР М.ЭРХЭМБАЯР ХҮҮГ НАС БАРСАН ГЭЖ БҮРТГЭЖЭЭ-

Ийнхүү хэрэг дээр маш олон хүний дүгнэлт гарч ЭМЯ-нд хүртэл гомдол хүргүүлсэн ч одоо болтол хэрэг шийдэгдээгүй. Харин ШШҮХ-гийн шинжээчийн дүгнэлт дээр М.Эрхэмбаяр хүүг нас барсан гэж бүртгэжээ. Хэрэг шүүхэд шилжиж 2021 оны 12 сарын 28-нд хурал зарлагдсан байна. Ар гэр шүүх хуралд ирсэн. Гэвч холбогдогч н.Алтанзаяагийн тал нэмэлт өмгөөлөгч авах хүсэлт өгснөөр хурал хойшилсон. Үүний дараа дахин дуудсан ч холбогдогч этгээд корона туссан шалтгаанаар хойшилсон. Гуравдах удаагаа зарлагдсан шүүх хурлаас дахин цагдаагийн шалгах ажиллагаанд шилжүүлэхээр болсон” гэлээ. Улмаар хэрэг хариуцах эзэнгүй гурван жил болоод байгаа аж. Энэ хугацаанд хүүгийн эмчилгээний төлбөрт холбогдогч талаас нэг ч төгрөг гаргаагүй бөгөөд онгоцоор зөөвөрлөхөөс эхлээд бүх зардлын ар гэр өөрөөс гаргажээ.