Л. Энх-Амгалан: Энэ оны есдүгээр сарын 1-нд сугалаагүй цэцэрлэгтэй болох тогтолцоог бий болгох чиглэлд ажиллана

Л. Энх-Амгалан: Энэ оны есдүгээр сарын 1-нд сугалаагүй цэцэрлэгтэй болох тогтолцоог бий болгох чиглэлд ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. Тус төвд боловсролын салбартай холбоотой нийт 402 өргөдөл, гомдол бүртгэгдэж, 350 өргөдөлд хариу өгсөн байна. Харин одоогоор хянаж байгаа 32 санал, гомдол байгаа аж.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Орон даяар зохион байгуулж буй Элсэлтийн Ерөнхий Шалгалттай (ЭЕШ) холбоотой асуудлаар нэлээд санал хэлж байна. Түүнчлэн их, дээд сургуулийн элсэлтийн журам, зарим сургууль элсэлтийн хураамж авдаг, боловсролын тэгш хүртээмж, Украинд сурч буй оюутнууд, Ерөнхий сайдын тэтгэлэг болон БШУЯ-нд хэрэгжиж байгаа төслүүдийн талаарх мэдээллийн ил тод байдал зэрэг санал хүсэлт гаргасан байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр гаргасан УИХ, Засгийн газрын тогтоолын хэрэгжилттэй холбоотой нэлээд тодруулгыг иргэд авч байна. Сугалаагаар цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн асуудал байгаа. Бид энэ оны есдүгээр сарын 1-нд сугалаагүй цэцэрлэгтэй болох тогтолцоог бий болгох чиглэлд ажиллана. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч тухайн шийдлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тиймээс энэ намар бодитой шийдвэр гарах болов уу" гэдгийг тодотгов.

Мөн тэрбээр "Бид хамран сургах тойргийнхоо тогтолцоог зөв төлөвлөж, тооцоолж чадаагүй учраас ийм хүндрэл гарсан гэх ойлголт байгаа. Цаашдаа дан ганц төрийн цэцэрлэг биш хувийн болон байгууллагын цэцэрлэгүүдтэй хамтарч ажиллавал цэцэрлэгийн сугалаанд орж чадаагүй хүүхдүүдийнхээ асуудлыг шийдэх бодитой боломж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх, сургалтын орчны хүртээмжтэй холбоотой асуудал нэлээд санал гарч байна. Энэ чиглэлээр Лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар тодорхой шийдвэр гарна" гэв.

Ц.Хүслэн