ВИДЕО: Туршилтад хамрагдсан бүх өвчтөн нь эдгэрсэн хорт хавдрын эсрэг “Достарлимаб” эм 11 мянган ам.долларын үнэтэй аж

ВИДЕО: Туршилтад хамрагдсан бүх өвчтөн нь эдгэрсэн хорт хавдрын эсрэг “Достарлимаб” эм 11 мянган ам.долларын үнэтэй аж

ДЭМБ-ын мэдээлснээр 2020 онд дэлхий даяар 10 гаруй сая хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Нас баралтыг өвчлөлөөр нь авч үзвэл:  

  • Уушгины хорт хавдар-1.8 сая хүн
  • Бүдүүн гэдэс болон шулуун гэдэсний хорт хавдар-916 мянган хүн
  • Элэгний хорт хавдар-830 мянган хүн
  • Ходоодны хорт хавдар-769 мянган хүн
  • Хөхний хорт хавдраар-685 мянган хүн нас баржээ.

Мөн жил бүр ойролцоогоор 400 мянган хүүхэд хорт хавдар байна. Бид шинжлэх ухаан хөгжсөн эрэн үед амьдарч буй ч хорт хавдрын улмаас олон сая хүн амь насаа алдсаар байна. Харин өнгөрсөн долоон хоногт түүхэндээ анх удаа хорт хавдрын эсрэг эмийн туршилтад оролцсон бүх өвчтөн эдгэрсэн нь уг өвчнөөр шаналж буй олон мянган хүнд итгэл найдвар авчирсан юм. АНУ-ын эрдэмтдийн явуулсан уг туршилтад бүдүүн гэдэсний хорт хавдрын 2-3-р шатандаа орсон 12 өвчтөн оролцож “Достарлимаб” хэмээх эмийг хэрэглэн, зургаан сарын дараа хорт эдгэрчээ. Тэгвэл бид дэлхий даяар шуугиан тариад буй “Достарлимаб” хэмээх эмийн талаарх танин мэдэхүйн мэдээллийг хүргэж байна.

ВИДЕО: 

-ТУРШИЛТАД ОРОЛЦСОН ӨВЧТӨНҮҮДЭД ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД “ДОСТАРЛИМАБ” ХЭМЭЭХ ЭМИЙГ ТАРЬЖЭЭ-

АНУ-ын “Memorial Sloan Kettering” хавдар судлалын төвийн судлаачид “Достарлимаб” хэмээх  эмийг шулуун гэдэсний хорт хавдартай 12 өвчинд туршжээ. Туршилтаас зургаан сарын дараа гайхалтай үр дүн гарч, бүх өвчтөний хорт хавдар устсан байна. Туршилтад хамрагдсан 12 өвчтөн химийн болон цацрагийн ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаагүй бөгөөд хавдрын II, III үе шатан дээрээ байжээ. Тийнхүү зургаан сарын турш гурван долоо хоногт тутамд достарлимабыг тариулсны дараа хавдар илрүүлэх MRI, PET, дурангийн шинжилгээ, биопси зэрэг шинжилгээ хийхэд бүгдэд нь хавдрын шинж тэмдэг илрээгүй байна.

-“ДОСТАРЛИМАБ” ГЭЖ ЮУ ВЭ-

“Достарлимаб” хэмээх эм нь “Жемперли”/Jemperli/ гэдэг нэрээр худалдаалагдаж байгаа бөгөөд эндометрийн хорт хавдрын үед хэрэглэдэг, дархлаа эмчилгээний бэлдмэл юм.

Харин энэ удаа эрдэмтэд тус эмийг шулуун гэдэсний хорт хавдрын эсрэг хүний биед хэрхэн нөлөө үзүүлэхийг судлахын тулд туршилтыг эхлүүлжээ. Туршилтын явцад өвчтөнүүдэд ноцтой гаж нөлөө илрээгүй. Харин дөрөвний гуравт нь ядрах, бие сулбайх, дотор муухайрах, биеэр нь юм туурах зэрэг гаж нөлөө илэрчээ. Тэгвэл уг эм ямар үнээр худалдаалагдаж байна вэ. “New York Times” сонины мэдээлснээр АНУ-д 500 мг тун бүхий “Достарлимаб” 11 мянган доллар буюу ойролцоогоор 34.4 сая төгрөг , Их Британид нэг тун нь 5800 фунт буюу 21 сая орчим төгрөгөөр худалдаалагддаг байна.

-ЭРДЭМТЭД ТУС ЭМИЙГ БУСАД ТӨРЛИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ЭСЭХИЙГ СУДАЛЖ БАЙНА-

Туршилтын эхний үр дүнгүүдийг харахад өнөөг хүртэл мэдээлэгдсэн хорт хавдрын эсрэг төрөл бүрийн эмийн бэлдмэлүүдээс хамгийн үр дүнтэй нь ч байж магадгүй байна. Учир нь өмнө нь ямар ч хорт хавдрын эсрэг эмчилгээ ийм өндөр үр дүнд хүрч байгаагүй юм. Тиймээс эрдэмтэд тус эмийг бусад төрлийн хавдрын эмчилгээнд ашиглах боломжтой эсэхийг судалж эхэлжээ. Энэ удаагийн туршилтыг барууны орнуудын өвчтөнүүдэд хийсэн. Гэвч үндэстэн бүрийн ген ялгаатай байдаг тул цаашид туршилтад дэлхийн өнцөг булан бүрд буй өвчтөнүүдийг оролцуулах хэрэгтэй хэмээн үзэж байна.

Гэхдээ хорт хавдрыг мэс заслын бус аргаар эмчлэхэд дахин ургах магадлал 20-30 хувь байдаг аж. Тиймээс хавдар дахин гарч ирэх эсэхийг тогтоохын тулд судалгааны багийнхан туршилтад хамрагдсан 12 өвчтөнийг хяналтдаа байлгаж байна.

Эх сурвалж: WHO, New York Times, Memorial Sloan Kettering