СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Могойд хатгуулсан дөрвөн хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Могойд хатгуулсан дөрвөн хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байна

Хүүхдүүд мориноос унаж гэмтэл авсан, могойд хатгуулсан зэрэг шалтгаанаар хүүхдүүд ихээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй талаар ГССҮТ-өөс мэдээллээ.

Тус төвийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар могойд хатгуулсан дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүүхэд нь орон нутгаас ирсэн бөгөөд гурав нь хотод могойд хатгуулжээ. Мөн орон нутгийн эмч нар ГССҮТ-өөс могойд хатгуулсан тохиолдлын талаар зөвлөгөө авах нь ихэссэн байна.

Тиймээс хүүхэдтэйгээ хамт хөдөө орон нутаг болон ногоон бүсэд аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг тус төвөөс эцэг эхчүүдэд анхааруулж байна.

Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал юм. Хортой могойд хатгуулсан бол яаралтай эмчид хандах хэрэгтэй бөгөөд өндөр халуурч, амьсгалын дутагдалд орж нас барах магадлалтай. Мөн хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй бөгөөд хүчтэй хөдөлгөсөн тохиолдолд бүх биеэр хор түргэн хугацаанд тархах эрсдэлтэй байдаг. Хэрэв хөлдөө хатгуулсан бол огт гишгэж болохгүй. Мөн дараах арга хэмжээг яаралтай авах ёстой. Үүнд:

  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Хатгуулсан газрын дээд талд чангалуур буюу ямар нэгэн зүйлээр чангалан судасны лугшилт мэдрэгдэхээр боох хэрэгтэй
  • Шингэн зүйл их уух
  • Хорийн тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг цэвэр даавуугаар ороож боох
  • Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй
  • Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм ууж болохгүй.

 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө