БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хүүхдийн хавдрын болон хромосомын гажгийн эрт илрүүлгийн төв баригдаж эхэллээ

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хүүхдийн хавдрын болон хромосомын гажгийн эрт илрүүлгийн төв баригдаж эхэллээ

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн хавдрын болон хромосомын гажгийн эрт илрүүлэгийн төв баригдаж буй.

Зоорийн давхар бүхий хоёр давхар уг барилгын зоорийн давхарт хромосомын гажгийн оношлогооны лаборотори, 1-р давхарт Хүүхдийн хавдрын илрүүлэгийн үзлэгийн өрөөн, 2-р авхарт Хромосомын гажгийн илрүүлгийн ажилбарын өрөөнүүд байх аж. 

Монгол Улсад жилд 70-90 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож  хүүхдийн амьдрах хувь 20-30 хувь байдаг ба  ихэнх нь хожуу хугацаанд оношлогдож байгаа нь хорт хавдартай хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахад бодлого эрхзүйн орчин, хүний нөөцийг мэргэшүүлэх, хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах, тэдний нийгмийн халамжийн асуудлыг анхаарах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай юм. Мөн жирэмслэхээс өмнө болон жирэмсний явцад эх, урагт нөлөөлөх эрсдлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, жирэмсний явцад эмгэг байдлыг илрүүлж, оношлох нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Төрөлхийн хөгжлийн гажиг дотор хромосомын эмгэг 40% байдаг ба хромосомын эмгэгийн шалтгаантай оюуны хомсдлын ихэнх хувийг Дауны хамшинж, мөн бэлгийн хромосомын эмгэг эзэлдэг.

Манай улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажгийн эзлэх хувь жилээс жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд оношлогдож буй төрөлхийн хөгжлийн гажгийн дийлэнх нь жирэмсний хожуу хугацаанд оношлогдож байгаа юм. Пренатал үеийн эрт илрүүлэг, оношлогоог хэрэгжүүлснээр ургийн төрөлхийн хөгжлийн гажгийг эрт оношлох улмаар перинатал өвчлөл эндэгдлийг бууруулах ач холбогдолтой.

Шинээр баригдаж буй уг төвөөр жилдээ 4000 гаруй жирэмсэн эмэгтэй үйлчлүүлж хромосомын илрүүлэг хийгдэх ба хүүхдийн хорт хавдрын илрүүлгийн зорилгоор жилд  8000 гаруй хүүхдэд үйлчлүүлэх боломжтой бөгөөд үүний ¼ нь хөдөө орон нутгаас ирдэг байна. 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам