Хамран сургах тойргоор цэцэрлэгийн хүүхдийг бүртгэнэ гэв

Хамран сургах тойргоор цэцэрлэгийн хүүхдийг бүртгэнэ гэв

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр одоогийн байдлаар 22.565 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлжээ. Мөн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хамран сургах тойргийн бүртгэлийг зохион байгуулах ажлыг наймдугаар сарын эхний долоо хоногт эхлүүлнэ. 

Өнгөрсөн хавар төв талбайд болсон залуусын жагсаалаас Засгийн газарт хандаж тавьсан шаардлагуудын нэг нь  хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар явуулдгийг болиулах асуудал байсан. Энэ дагуу салбарын яаманд Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу хамран сургах тойргийн асуудлыг энэ жилээс нэг мөр шийдвэрлэхээр салбарын яам ажиллаж байгаа аж. 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгаврыг гаргалаа. Тухайлбал,

  • Цэцэрлэгт хүүхдээ суралцуулах нийслэлийн иргэдийн саналыг “Е Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн платформоор дамжуулж зохион байгуулах,
  • Улсын хэмжээнд ЕБС-иудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх,
  • 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа боловсролын байгууллагын барилга байгууламжийг 2022 оны наймдугаар сарын 25-ны дотор бүрэн ашиглалтад оруулан улсын комисс ажиллуулах, гүйцэтгэгч нарт санхүүжилтийг саадгүй олгох,
  • Үнийн өсөлтөөс шалтгаалсан төсөвт өртгийн нэмэгдэл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан бол ирэх оны төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх,
  • Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын их болон урсгал засварыг наймдугаар сарын 25-ны дотор дуусгах зэргийг Ерөнхий сайдын албан даалгавраар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Мөн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн эхлэх хугацаанд өөрчлөлт оруулах, хичээл сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэгдсэн зохицуулалт хийх санал боловсруулж 2022 оны наймдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө