Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлыг хэрэгжүүлж байна

Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлыг хэрэгжүүлж байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдлаа.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН СУУРИН 12 ЦЭГ, ЯВУУЛЫН 2 ЦЭГ НИЙСЛЭЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийсэн. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд нийслэлийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээний зэрэгцээ томуу төст өвчний тусламж үйлчилгээ, "Ковид-19"-ийн хариу арга хэмжээ зохион байгуулж, нийт иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах гэхчлэн үндэсний хэмжээний үйлчилгээ үзүүлж, ачаалал ихтэй байгааг онцолсон юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ, Монгол-Японы эмнэлэг, Амгалан амаржих газрууд болон 159 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн нийт 49 эмнэлэгт зохион байгуулан ажиллаж байна. Эрт илрүүлэгт нийслэлийн нийт хүн амын 8.7 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд тав хүртэлх насны хүүхдийн 25.2 хувь, 6-17 насны хүүхдүүдийн 44.8 хувь нь хамрагджээ. Илрүүлэг үзлэгт орсон 280 хүнээс хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн байна.

Сүүлийн 24 цагийн дотор улсын хэмжээнд 468 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хотод 518942 хүнд Ковидын халдвар батлагдсан мэдээ гарчээ. Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4: ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэйг санууллаа. Нийслэлд тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настай хүмүүс хатгаагаар өвдөж буй ажээ. Харин эрчимт эмчилгээ хийлгэх хэмжээнд хүрч хүндрэх нь харьцангуй бага боловч халдвар томуу, томуу төст өвчинтэй зэрэгцэн гарч байгааг НЭМГ-ын дарга тодотгосон. Иргэд ӨЭМТ-ийг зорихоос илүүтэй шууд эмнэлэгт хэвтэх сонирхолтой байгаа аж. Энэ нь ӨЭМТ-өөс эмчилгээний багц өгөхгүй байгаатай холбоотой юм. Түүнчлэн PCR шинжилгээ хамтын төлбөрийн хэлбэрт шилжиж тодорхой хувийг иргэн төлж байгаагаас шинжилгээнд хамрагдахдаа хойрго байгаа ажээ. Шинжилгээ өгсөн иргэдийн 10.6 хувьд халдвар батлагдаж буй юм. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын суурин 12 цэг, явуулын хоёр цэг нийслэлд ажиллаж байна. Явуулын цэг нь Сүхбаатарын талбай болон Шангри-Ла худалдааны төвд ажиллаж буй юм. Нийслэлийн хэмжээнд 24 цагийн турш ажилладаг 40 эмийн сан байна.

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГ, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИНЭ

Хичээлийн шинэ жил эхлэхэд нэг сарын хугацаа үлдээд байна. Тиймээс “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах болон хөрөнгө оруулалтын явцын мэдээлэл”-ийг нийслэлийн удирдах ажилтнууд сонслоо. УИХ-ын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх, цэцэрлэгийн барилга түрээслэх, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулах, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх санаачилгыг дэмжих, орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдан авах, хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдан авах, түрээслэх, өргөө цомцог гэр барих, хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал олгох зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 2022-2023 онд нийслэлийн хэмжээнд 141023 хүүхэд цэцэрлэгт хамрагдах тооцоо бий. Одоогоор 679 цэцэрлэг /төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400/-т 102314 хүүхэд хамрагдах боломжтой байгаа бол үлдэж 34 485 хүүхдийн цэцэрлэгийг дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэн хамруулахаар ажиллаж байна. Тэдгээрээс цэцэрлэгийн байр түрээслэх байдлаар 8750 хүүхэд, цэцэрлэгийн байр худалдан авч 2290, нэмэлт элсэлтээр 8775, цомцог цэцэрлэгт 1300, хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулах гэхчлэн нийтдээ 23190 хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин тодотголоо.

Нийслэлийн хэмжээнд байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1700 хүүхэд сурч хүмүүжиж байна. Энэ онд нэг байгууллага 50 хүүхдийн цэцэрлэг байгуулсан бол АПУ, Говь, Өгөөж компаниуд болон Монгол-Японы эмнэлэг зэрэг газраас дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлт ирүүлээд буй аж. Цаашид сургуулийн өмнөх боловсролд хүүхэд бүрийг хамруулахын тулд хүүхэд харах үйлчилгээг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг дэмжих, үүнд хороо, дүүргийн дарга нар санаачилгатай ажиллахын чухлыг мөн үеэр дурдлаа.

ҮЕР БУУСАН ОРЧНЫГ АРИУТГАН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан тэргүүн дэд дарга Д.Мөнхсайхан нийслэлийн удирдах ажилтнуудад дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш объектийн гал түймэр 1223, ой хээрийн түймэр тав, аврах ажиллагааны 122 дуудлагатай ажилласан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28.1 хувийн өсөлттэй үзүүлэлт юм. Долоодугаар сарын 25-ны өдөр нийслэлд их хэмжээний аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд 50 гаруй айлын хашаанд ус орж, гурван айлын гэр, 20 гаруй айлын хашаа нурсан. Онцгой байдлын ажилтнууд шуурхай ажиллаж, усанд боогдсон долоон иргэнийг аварсан юм. Баянзүрх дүүргийн 13,16,17,38 дугаар хорооны нутагт аадар борооны улмаас гэр хорооллын айл өрхийн гэр хашаа, байшин, нүхэн жорлон, албан байгууллагын зоорийн давхар усанд автсан дуудлагаар ажилласан. Дээрх газруудад мэргэжлийн байгууллагууд хамтран ажилласны дээр нурсан айлыг нүүлгэх, хог хаягдлыг зөөвөрлөх, орчныг ариутган халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна гэсэн юм. Өнгөрч буй 14 хоногт усны ослын 11 удаагийн дуудлага ирж, аврагч нар 23 хүний амь насыг аварсан байна. Он гарснаас хойш долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд усны ослын 38 дуудлага бүртгэгдэж, 78 хүний амь намыг авран хамгаалсан бол 17 том хүн, долоон хүүхэд усанд эндсэн золгүй явдал тохиолджээ.

  ГЭРЭЛ ДОХИО, ГЭРЭЛТҮҮЛГЭЭР НАЙДВАРТАЙ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

 Нийслэлийн удирдах ажилтны шуурхай  зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • -Нийслэлийн бүх шатны байгууллагууд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, чанарт онцгой анхаарч, хэрэгжилтэд хяналт тавих,
  • -Хөдөлгөөний ачаалал ихсэж байгаатай холбогдуулан авто зам, явган хүний гарцын гэрэл дохио болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтыг найдвартай хангаж, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтийг хангах,
  • -Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламж, халаалтын зуух, инженерийн шугам сүлжээнд хийгдэх их, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлэх,
  • -Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа хяналтын инженер, холбогдох албан хаагчид гүйцэтгэлийн явцын мэдээллийг “Хөрөнгө оруулалтын ажлын бүртгэл мэдээллийн цахим систем”-д тогтмол бүртгэх,
  • -Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн болон үерийн далан сувгийн хог хаягдлыг сайтар цэвэрлэх, засвар шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлэх,
  • -Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах
  • -Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө батлагдсан тул нийт байгууллагууд хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болголоо.

                             НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР




Улаанбаатарт 22 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө