ИНФОГРАФИК: Хувийн дунд сургуулиуд сургалтын төлбөрөө 500,000-4,000,000 төгрөгөөр нэмжээ

ИНФОГРАФИК: Хувийн дунд сургуулиуд сургалтын төлбөрөө 500,000-4,000,000 төгрөгөөр нэмжээ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ сарын 17-ны өдөр /2022.08.17/ олон нийтэд мэдээлэл өгөхдөө, “Энэ жил ЕБС-ийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн сургуулиудын төлбөрийг нэмэхгүй чиглэлд анхаарч байна” гэсэн юм.

-ОЮУНЛАГ СУРГУУЛЬ ТӨЛБӨРӨӨ НЭМЭЭГҮЙ БАЙНА-

Тэгвэл хувийн дунд сургуулиуд 2022-2023 оны шинэ хичээлийн жилд төлбөрөө нэмсэн эсэхийг бид тодрууллаа. Харин хүмүүсийн сайн мэдэх зарим хувийн дунд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж Л.Энх-Амгалан сайдын хэлснээс эсрэгээрээ ажилласан байгаа юм. 

Сургалтын төлбөрийн өсөлтийг харуулсан инфографик:

Тухайлбал, "Орчлон" сургуулийн сургалтын дундаж төлбөр 2021 онд 20 сая байсан бол 2022 онд 23 сая болж өсжээ. Харин "Шинэ Монгол" сургуулийн дундаж 4,8 сая буюу өмнөх оноос өөрчлөгдөөгүй байна.

Мөн "The English School of Mongolia" өнгөрөгч онуудад 11 саяын тогтвортой үнэтэй байсан бол 2022 онд 4 сая гаруй төгрөгөөр нэмэгдэж 14.6 сая төгрөг болжээ.

"Хобби" сургуулийн хувьд төлбөрөө нэмээгүй байгаа ч хоёр жилийн өмнө 8 саяас огцом 15 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. "Олонлог" сургуулийн төлбөр 9.2 сая хэвээрээ байгаа ч гурван жилийн өмнө 4 саяас 8 сая болгон өсгөж хоёр дахин төлбөрөө нэмж байжээ. "Сант" сургууль өнгөрсөн гурван жилийн хугацаанд 7 сая төгрөгийн төлбөртэй байсан бол энэ жил 9 сая төгрөг болгон нэмсэн байна. Харин "Гёте" 6.3 саяас 7-8,5 сая болгож нэмэгдүүлсэн байна. "Оюунлаг" сургуулийн төлбөр 6.5 сая хэвээрээ байна. "Шинэ үе" сургууль жил жилээр төлбөрөө нэмсээр 4.4 саяас 5.7 сая болгожээ. Мөн "Элит" олон улсын дунд сургууль ялгаагүй жил бүр төлбөрөө сая орчим төгрөгөөр нэмдэг бөгөөд энэ онд 13.5 саяас 14.5 сая төгрөгт хүргэжээ.

Дээрхээс гадна "Их Засаг Лицей" зэрэг дундаж төлбөртэй сургуулиуд сургалтын төлбөрөө 500 мянгаас нэг сая төгрөгөөр нэмсэн байна. Сүүлийн жилүүдийн мэдээллийг харвал хувийн сургуулиуд жилээс жилд төлбөрөө нэмж байна. Их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдэл энэ жил харьцангуй бага байгаа гэх мэдээлэл бий бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Г.Мичидмаа