Ховд аймгаас 30 сурагчийг шалгаруулан БНСУ-д тэтгэлгээр суралцуулахаар боллоо

Ховд аймгаас 30 сурагчийг шалгаруулан БНСУ-д тэтгэлгээр суралцуулахаар боллоо

Ховд аймаг 2022-2023 оны хичээлийн жилд 12 дугаар анги төгсөгчдөөс 30 сурагчийг шалгаруулан БНСУ-д тэтгэлгээр суралцуулахаар боллоо.

БНСУ-ын Чангшин их сургуулийн захирал И Уон Гун тэргүүтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллажээ. Аймгийн Засаг дарга Э.Болормаа ажлын хэсэгтэй албан уулзалт хийж оюутан, сурагчдын боловсрол, мэдлэгийг хөгжүүлэх, туршлагыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд:

  • 2023 оноос эхлэн Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс 30 сурагчийг шалгаруулан тус сургуульд Солонгос хэлний бэлтгэл, бусад мэргэжлийн бакалаврын сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах шийдэлд хүрлээ.
  • Мөн Ховд аймгийн төрийн албан хаагчдыг ахисан шатны сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах,
  • МУИС-ийн Ховд дахь салбар сургуультай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, багш, оюутан солилцох богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар ярилцав.

Чангшин их сургууль нь 2022 оны 5 дугаар сараас хойш МУИС-ийн Ховд дахь салбар сургуультай хамтран ажиллаж Эрх зүй, Санхүүгийн менежмент, Программ хангамж мэргэжлээр 2+2 бакалаврын хос дипломын хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд Ховд их сургуулиас найман оюутан Эрх зүйн мэргэжлээр Чангшин их сургуульд элсэн амжилттай суралцаж байна.




Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ